Rio Tinto $7 тэрбум гаруй хөрөнгө оруулалтаар далд уурхайг ашиглалтад оруулах гэж буй. Ингэж чадвал жилдээ Оюу толгойгоос одоогоос 3 дахин их буюу 480 мянган тн зэс олборлох боломжтой болно.

Зэсийн салбар 2021 оны эхний 11 сарын байдлаар манай экспортын 32%, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж байгаа.

Бид энэ онд зэсийн экспортын тоо хэмжээг өсгөхгүйгээр үнийн өсөлтөөс $2.8 тэрбумын орлого олсон. Энэ нь өнгөрсөн жилийн $1.5 тэрбумтай харьцуулахад бараг л 2 дахин их дүн юм.

Харин гүний уурхай 2023 онд ашиглалтад ороход Дэлхийн банк зэсийн үнийг одоогийнхоос 13%-иар буурна гэж тооцоолж байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь 2021 онд зэсийн үнэ 85%-иар өсөж, хэт өндөр түвшинд хүрсэн явдал.

Далд уурхай ашиглалтад орох үед зэсийн баяжмалын гарц аажмаар 3 дахин нэмэгдэх учир хэдийгээр үнэ 13%-иар буурсан ч экспортын орлого, татварын орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь ойлгомжтой юм.

Монгол улс Оюу толгойн 34%-ийг эзэмшдэгийн хувьд ногдол ашгаа 2032 оноос авч эхлэх тооцоо байгаа.

Хэрвээ бид Rio Tinto-той зөвшилцөлд хүрч чадалгүй $1.45 тэрбумын нэмэлт зардлыг хувааж төлсөн бол энэ хугацаа хойшилж, далд уурхайн дийлэнх нөөц дууссаны дараа л ногдол ашиг хүртэх байлаа. Харин одоо Rio Tinto Монголын $2.3 тэрбумын өрийг тэглэхээр болсон учир ногдол ашиг хүртэх хугацаа бүр ойртож ч мэднэ.