Монголын шинэ Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалыг Хятадаас хараат байдлаа багасгах гэсэн сүүлийн оролдлого гэж хэлж болно.
Энэ жилийн долдугаар сарын 11-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Намар буюу арваннэгдүгээр сарын 5-нд ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж, арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Москвад хүрэлцэн ирж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Энэ бол Монголын төрийн шинэ тэргүүний гадаадад хийж буй анхны айлчлал юм. Талууд хамтын ажиллагааны тунхаглал баталж, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.
Эдгээр протокол хэлэлцээрийн цаана Монгол Улсын оршин тогтнол, Оросын аюулгүй байдал ихээхэн шалтгаалах чухал мессеж байгаа юм.
Санкт-Петербургийн Алс Дорнодын судалгааны төвийн тэргүүн Кирилл Котков Москва, Улаанбаатарын харилцааны стратегийн үүргийн талаар ярьсаныг хүргэж байна.
ХЯТАДТАЙ СӨРГӨЛДСӨН ТҮҮХ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай тэр бүр мэдээлдэггүй. Тус улс Ази тивийн яг зүрхэнд, Орос, Хятад хоёрын дунд оршдог. Гайхалтай сайхан өргөн уудам 1.5 сая гаруй квадрат км газар нутагтай ч 3.3 сая орчим хүн амтай. Цэрэг, эдийн засгийн хувьд сул дорой улс юм.

13-р зууны Монголын эзэнт гүрний хил (улбар шар), орчин үеийн монголчуудын суурьшсан нутаг (улаан)
18-19-р зуунд Монголын газар нутаг Манж Чин эзэнт гүрний (1637-1912) нэг хэсэг байв. 17-р зуунд Манж нар Хятадыг эзлэн авсны дараа эзэнт гүрний зах хязгаар нутгийн үндэстний цөөнхүүд хятадуудыг эсэргүүцсэн бодлого баримтлах болжээ. Гэвч манж нар тэднийг өгөөмөр шан харамжаар татах болжээ. Монголын ноёд өөрийн эзэмшилдээ бие даасан их эрх мэдэлтэй байж, ямар ч саадгүй алба гувчуур төлж, морин цэрэгт агт нийлүүлдэг байжээ. Харин 19-р зууны хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдсөн. Хүч нь суларсан Манжийн эзэнт гүрэн задрах аюулд өртөж, улмаар Чин улсын засгийн газар хятадуудын тусламжтайгаар зах хязгаар нутгаа колончилж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн хятад худалдаачид Монголд олноор орж ирсэн ба ХХ зууны эхэн гэхэд бараг бүх монголчууд санхүүгийн хувьд тэднээс хамааралтай болсон байв.
Гайхалтай нь 100 гаруй жилийн дараа ч Хятадын эдийн засгийн стратеги өөрчлөгдөөгүй хэвээр байна. "Нэг бүс-Нэг зам” хөтөлбөр эдийн засаг нь сул дорой улс орнуудыг шат дараатайгаар БНХАУ-д мөнхийн өртэй улс болгож байна.
Гэвч дээрхи байдал нь тухайн үед Монголын ард түмний дургүйцлийг төрүүлж, Хятадын эсрэг үзлийг өдөөж байв. 1912 онд Манжийн ноёрхлыг түлхэн унагасны дараа Монгол ноёд вассалын үүрэг хариуцлагаас татгалзаж, тусгаар тогтнолоо зарласан.
Бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү байсан ч монголчууд азтай байсан юм. Эхлээд хаант Орос, дараа нь Зөвлөлт Орос улс тусламжийн гараа сунгасан. Ингээд 1921 онд тусгаар тогтносон Монгол улс байгуулагдаж, анх теократ хаант засаглалтай болж, 1924 онд Ардын Бүгд Найрамдах Улс болов.
ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН ҮҮРЭГ РОЛЬ
Үнэн хэрэгтээ ЗХУ энэ шинэ улсыг хөл дээр нь босгосон юм. ЗХУ-ын тусламжтайгаар төрийн институци, дэд бүтэц, аж үйлдвэр, анагаах ухаан, шинжлэх ухаан, зэвсэгт хүчний үндэс суурийг тавьсан.
1920-1930-аад оны ЗСБНХУ-ын бүх хөрөнгө оруулалтыг 1938-1945 онд хүүгийн хамт төлж барагдуулсан. Зөвлөлт, Монголын цэргүүд Халхын голд Япон-Манжийн цэргийг бут цохин тусгаар тогтнолоо хамгаалав.
Аугаа их эх орны дайны үед Монгол Улс ЗХУ-ыг бүхий л чадлаараа тусалж дэмжсэн юм. Тэд АНУ-ын зээл-түрээсийн хөтөлбөрийн дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнээс ч илүү ихийг ЗХУ-д өгсөн.

Дмитрий Медведев Халхын голын ахмад дайчдад ОХУ-ын шагнал гардуулав (Улан-Батор, 2009)
1945 онд Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны эцсийн шатанд оролцож, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт Хятадын нутагт япончуудыг ниргэв. Үүний үр дүнд Бээжин Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Мөн 1961 онд ЗХУ Монголыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх зүйлийг хийж, НҮБ-д элсэх боломжийг хангаж байв.
ГОЛ АЮУЛ
Тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулснаар хэтрүүлэггүй хэлэхэд ард түмнээ уусах аюулаас аварсан юм. Түүхийн өөр хувилбарыг үзэхийн тулд БНХАУ-д очиход хангалттай. Хятадад хоёр дахин олон (6 сая орчим) монголчууд байгаа хэдий ч олонх нь эх хэлээрээ ярихаа больж, уугуул иргэдийн оршин суудаг нутагтаа цөөнх болжээ. ӨМӨЗО-ны хүн амын дөнгөж 14-17 хувь нь монгол угсаатнууд бөгөөд гол төлөв хөдөө орон нутагт амьдардаг. Дээд Монгол гэгдэх нутагт (Төвдийн зүүн хойд хэсэгт орших Цайдам, Амдогийн түүхэн бүс нутаг) нийтдээ 2% хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд тэд төвдүүдэд хүчтэй ууссан байдаг. Шинжаанд монголчууд хэл, зан заншлаа хадгалсан ч ерөнхийдөө 1% хүрэхгүй.
2020 онд Хятад улс Өвөр Монголын сургуулиудад монгол хэлийг үе шаттайгаар хориглохоор төлөвлөж байгаагаа зарласан нь тус бүс нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч Хятадын эрх баригчдыг тэдний эрхэнд нь санаатайгаар халдаж байна гэж буруутгахад бэрх. Учир нь оюутнуудын дийлэнх нь хятад үндэстэн тул монгол хэл хэрэглэх шаардлага бараг байдаггүй.
ХИЛИЙН БУФЕР БҮС
Монгол Улс ЗСБНХУ-ын тусламжтайгаар буфер улсын хэлбэрээр бий болсон нь нууц биш. Улс төр, газарзүйн хувьд Монголын хил нь Хятад руу цөмөрч муруйсан гурвалжин хэлбэртэй. Энэ хилийг 1945 оны наймдугаар сард Зөвлөлт-Монголын цэрэг Өвөр Монголыг япончуудаас чөлөөлөх үед амжилттай ашиглаж байжээ.

Монгол цэргүүд /Төв аймаг/
Стратегийн хувьд Монгол Улс Орос-Хятадын хилийг 3.5 км-ээр багасгаад зогсохгүй Эрхүү-Слюдянка-Улан-Үд чиглэлийн Транссибирийн төмөр замын тойрог, Байгаль нуурын хэсгийг хамарч байна. Байгаль-Амурын төмөр зам бас байдаг, гэхдээ энэ нь бага хүчин чадалтай, хүн ам сийрэг суурьшсан газруудаар дамждаг тул дайн гарсан тохиолдолд түүний үйлчилгээг хадгалахад илүү хэцүү юм.
ОРОС УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА
Орос, Монголын хооронд хэзээ ч зөрчилдөөн байгаагүй. Монголчууд Хятадтай харьцуулахад Оросуудад их элэгтэй ханддаг. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд энэ харилцаанд тэнцвэргүй байдал үүссэн.
Өнөөдөр Хятад улс Монголын худалдааны гол түнш болоод байна. Гэхдээ эдийн засгийн энэ харилцааг нь эрх тэгш гэж хэлж болохгүй. Монголын эдийн засаг бараг бүхэлдээ түүхий эдийн экспортод тулгуурладаг. Голчлон хүдрийн баяжмал, нүүрс, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг. ЗХУ-ын тусламжтайгаар бий болсон уул уурхайн салбар нь тус улсын орлогын 90 гаруй хувийг хангадаг.
БНХАУ нь Монгол Улсад илүү их зүйлийг санал болгож, улс орны эдийн засгийг нь шууд хамааралтай болгож чадна.
Монголоос экспортолсон бараа бүтээгдэхүүний 86 хувь нь БНХАУ-д ногдож байгаа бол ОХУ-д ердөө 0,9 хувь нь ногдож байна. Тус улсын импортод Орос 28% -ийг эзэлдэг боловч энд ч гэсэн Хятад 39%-тайгаар давамгалж байна. Өнгөрсөн онд гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээ 144.5%-иар өсч, 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Орос-Монголын худалдааны хэмжээ мөн өссөн ч 24%-иар өсч 1.4 тэрбум доллар болжээ.

Дмитрий Медведев Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн академийн Улаан-Үд дэх салбарт зочлох үеэр 2009 он
ЗХУ-ын үед монголчууд бүгд орос хэл сурдаг, ахмад үеийнхэн ч сайн ярьдаг байсан бол 2003 оноос хойш ихэнх сургуулийн хөтөлбөрөөс орос хэл хасагдсан.
Өнөөдөр ОХУ-д 4.5 мянга, Хятадад 15 мянган монгол оюутан суралцаж байгаа бөгөөд тэдний олонхи нь яваандаа БНХАУ-ын эрх ашгийн төлөө лоббичин болж магадгүй юм.
БЭЛЭГДЭЛИЙН АЙЛЧЛАЛ
Дээр дурдсан бүхнийг тооцож үзвэл Монголын шинэ Ерөнхийлөгч Орост анх удаа айлчилж байгаа нь бэлгэдлийн чанартай юм. Тэрээр эхлээд Хятадын эдийн засаг, дараа нь улс төрийн уусгалт шингээлтээс болгоомжилж, ОХУ-тай ойртохыг хүсч байна. Энэ нь Өвөрмонгол болон БНХАУ-ын бусад нутагт нэгэнт тохиолдож байгаа шиг Монголын ард түмэн устахад хүргэж мэдэх аюул юм.
Москва 100 жилийн өмнөх шигээ эдийн засгаа төрөлжүүлж төгөлдөржүүлэхэд туслахаа Улаанбаатарт санал болгох ёстой. Тухайлбал, Оросын сүлжээнд холбогдох төмөр замуудыг шинээр барих, баруун Монгол руу гарах Абакан-Кызылийн төмөр зам нь Орост ч гэсэн стратегийн хувьд зайлшгүй шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.
Өөр нэг чухал ажил бол 20-р зууны дунд үед баригдсан Транс Монголын төмөр замыг шинэчлэх явдал юм. Орос улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европ руу тээвэрлэх илүү боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Энэ хүрээнд Эрхүү муж, Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаарт дотоодын болон Монголын хүдрийн баяжмалыг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулж, олон ажлын байр бий болгох боломжтой. Чухамдаа хоёр орны эдийн засгийг илүү нягт холбох Орос-Монголын шинэ аж үйлдвэрийн цогцолборыг бий болгох шаардлагатай байна.
Саяхан Улаанбаатар хот Москвагийн дарамт шахалтгүйгээр Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалан дээр усан цахилгаан станц барих ажлаа орхисон. Үүний хариуд Орос улс найрсаг хөршөө эрчим хүчний хувьд Хятадаас хараат болгохгүй, түүнийгээ бүрмөсөн алдахгүйн тулд Өвөр Байгалийн бүс нутаг болон Монголд шинэ цахилгаан станц барьж болох юм.
Түүхээс харахад Монголд оруулсан хөрөнгө оруулалт хэзээд хүүтэйгээ өгөөжөө өгдөг.
Эх сурвалж: https://politexpert.net/