Шинэ Зеландын эрх баригчид хилээ үе шаттайгаар нээх товоо коронавирусний “омикрон” хувилбарын улмаас нэг сар орчмоор хойшлуулж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
“Хилээ нээх хугацаагаа хоёрдугаар сарын эцэс хүртэл хойшлуулснаар халдвартай тэмцэх чадавхиа нэмэгдүүлэх, “омикрон”-ы тархалтыг сааруулах боломжтой” гэж “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинс мэдээлжээ.
Мөн Засгийн газар “омикрон” өргөн хүрээг хамран тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс вакцины хоёр дахь тун, нэмэлт тун хоорондын хугацаа зургаан сар байсныг дөрвөн сар болгон бууруулж, хилийн чанадаас ирсэн иргэдийн тусгаарлагдах хугацааг долоогоос 10 хоног болгон нэмэгдүүлэхээр болжээ.
Шинэ Зеландад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн дотоодод халдварласан 28, зөөвөрлөгдөн ирсэн таван тохиолдол илэрчээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд халдварын 13533 тохиолдол илэрч, 49 хүн халдвараар нас барсан байна.
Montsame.mn