Цах тахлын Омикрон хувилбар хөнгөн гэсэн ойлголт улам бүр бүдгэрсээр байна. Энэ омгоор нас барсан тохиолдол улс орнуудад бүртгэгдэж тоо нь нэмэгдсээр байна. Их Британид омикроноор нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Ерөнхий сайд Борис Жонсон иргэддээ хандан “Энэ омгоор өвчлөх нь хөнгөн, түргэн эдгэрдэг гэсэн ойлголтоо орхих”-ыг иргэддээ сануулж байв.
Эрдэмтэн судлаачид ирэх нэгдүгээр сард цар тахлын тоо дээд цэгтээ хүрнэ гэсэн тооцооллыг хийгээд байна. Зул сарын баяр, шинэ жил тохиож байгаа нь халдварыг хавтгайруулах том эрсдэл болж байгааг анхааруулж байна.
Omicron хувилбар Дани, Их Британид аль хэдийн давамгайлж эхлээд байна.
ДЭМБ шинэ хувилбараас онцгой болгоомжилж байгаа нь түүний халдварлах ер бусын чанартай холбоотой юм. Тиймээс Омикрон хувилбарын халдвар тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр наадмаасаа татгалзахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) уриалжээ.
“Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр хэлсэн үгэндээ онцолжээ.
ОМИКРОНЫ ЭСРЭГ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХАРИУ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ВЭ
Норвегид согтууруулах ундаа худалдахыг хязгаарлалаа
Норвегичууд Зул сарын баяраа хайртай дотнын хүмүүстэйгээ тэмдэглэх боломжтой ч ойр дотно харилцаагаа багасгаж, нийгмээс тодорхой хэмжээгээ тусгаарлагдах хэрэгтэй гэж тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стор хэлжээ.
Норвеги улс халдварын тархалттай тэмцэх хэд хэдэн шинэ арга хэмжээ авч, гэрээсээ ажиллах, ирэх дөрвөн долоо хоногт баар, цэнгээний газар, ресторанд согтууруулах ундаа худалдахыг хориглох зэрэг олон арга хэмжээг зарлаад байна.
Нидерландад бүх шатны сургуулиудыг нэгдүгээр сарын 9-н хүртэл хаав
Нидерланд улс энэ долоо хоногоос эхлэн хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа билээ. Тус улсын Ерөнхий сайд Марк Рютте өнгөрөгч Ням гаригаас эхлэн нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл бүх чухал бус дэлгүүр, баар, ресторануудыг хаах тушаал өгсөн.
Сургууль, их дээд сургуулиудыг нэгдүгээр сарын 9-н хүртэл хаав.
Их Британи шаардлагатай бол нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ
Их Британи гэр, албан байгууллага доторх маскны шаардлагыг дахин тавьж, шөнийн цэнгээний газар, томоохон арга хэмжээнд очихдоо хүмүүст вакцинжуулалтын нотлох баримт эсвэл тухайн цаг үедээ цар тахлын шинжилгээ өгөхийг тушаажээ. Харин Лондон хотын Трафалгарын талбайд жил бүр зохион байгуулагддаг шинэ жилийн баярыг энэ жил “нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс” цуцлаад байна. Даваа гарагаас эхлэн боломжтой бол гэрээсээ ажиллахыг хүмүүст зөвлөж байна.
Зул сарын баяраас хойш тус улсад хоёр долоо хоногийн турш аливаа цуглаан цугларалт хийхийг хориглох, паб, ресторануудыг гадна ширээгээр үйлчлүүлдэг болгон хязгаарлах дүрмийн төслийг бэлтгэж байна гэж “The Times” сонин мэдээлэв.
Франц, Герман улс Их Британиас ирэх жуулчдыг хориглов
Франц, Герман улсууд хорио цээрийн дэглэмээ чангаруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, Франц улс Их Британиас ирэх жуулчдад хориг тавьж байгаагаа өнгөрөгч Пүрэв гаригт зарласан. Герман улс арванхоёрдугаар сарын 18-нд Даваа гаригийн шөнө дундаас эхлэн мөн адил Их Британиас ирсэн хүмүүст хориг тавьж, зайлшгүй шаардлагатай хүмүүс сөрөг шинжилгээний хариутай байж хилээр нэвтрэх заавар өглөө.
“Covid-zero” буюу халдварыг тэглэх хатуу стратеги баримталж буй Хятадад омикрон бүртгэгдэв
Манай урд хөршид Омикроны хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, Тус улсын Чанша хот, мөн Тяньжин боомт болон өмнөд Гуандун мужаас анхны Омикрон хувилбараар халдварласан анхны тохиолдлууд илэрсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж иржээ.
Халдварын тохиолдлууд гадаадаас ирснийхээ дараа нэмж халдвар тараагаагүй, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгааг Хятадын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.
“Covid-zero” буюу вирусийн тархалтыг тэглэх хатуу стратеги баримталж буй Хятад улсын хувьд хүнд сорилт болж байна.
Улс орнууд “түргэн авч” байхад Монгол хэнэггүйтэв
Одоо ч цар тахлын халдвар өндөртэйд тооцогдож байгаа Монгол Улсын Онцгой комисс шинэ мутаци хувилбартай холбоотойгоор дотоодод авах хариу арга хэмжээ, тодорхой зөвлөмжийн талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргаад байгаа. Тухайлбал:
-Халдвар тархсан улс орнуудаас болон тухайн улсаар дамжин ирж буй гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
-Эрсдэлтэй бүсүүдэд аялсан, зорчсон өөрийн улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлалтад оруулна.
-Нисэх онгоцны буудал, авто замын боомтууд, хилийн шалган нэвтрүүлэх хил хяналтын орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна.
-Гадаад улс руу аялах аль эсвэл зайлшгүй шалтгаанаар зорчих гэж буй иргэд тухайн зорчсон улсад шинэ мутаци бүртгэгдвэл буцаж ирэхэд нь 10 хоног тусгаарлана.
Нэг иймэрхүү багцаа шийдвэртэй өдий хүрч байна. Харин одоо Монголд шинэ жилийн баяр тэмдэглээд Улаанбаатар хотын баар ресторан байтугай хотын ойр орчмын амралтын газрууд олны хөлд дарагдаж байна. Тэнд халдвар хамгааллын дэглэм, хариуцлагын гэрээ энэ тэр бол огт мартагдсан. Хүн хоорондын зай, амны хаалт бүр цаашаа. Шинэ жил дөхсөн энэ өдрүүдийн зураглал иймэрхүү янзаар л үргэлжилж байна.
Хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй арга хэмжээ, бодлого зорилтоо хэрэгжүүлж чадахгүй, алтан дундаж, аль эсвэл таалагдах өнцгөөр ажиллавал УОК онцгой байж чадахгүй.
Омикрон орж ирэхээс наана оны сүүлч, ирэх нэгдүгээр сарын эхээр Монголд тохиолдлын тоо нэмэгдэнэ. Тэгээд тэр онцгой халдварлах чадвартай шинэ хувилбартай хавсарвал халдвар хаврын түймэр шиг л газар авах эрсдэлтэй.
Иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг УОК зөнд нь орхиж, бүүстэр тун гэсэн ганцхан зөвлөмжөөр аргацааж байна.
Г.Хан