Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, ХНХДС-ийн МСҮТ-ийн хамтран зохион байгуулсан “Ажлын байртай болгох мэргэжлийн чиг баримжаа олгох” өдөрлөг БГД-ийн 8-р хороонд өнөөдөр /2021.12.21/ болж өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох , ажлын байраар хангах, ажлын хүрээнд Баянгол дүүргийн 18-45 насны ажил мэргэжилгүй иргэдэд ажлын чиг баримжаа олгох, сургалтад хамруулах чиглэлээр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дээд сургуультай хамтран зохион байгууллаа.
БГД-ийн ИТХ-ын иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг: Энэхүү өдөрлөгийн зорилго нь юу вэ гэвэл Баянгол дүүрэг маань 231000 гаруй иргэдтэй, түүнээс бүртгэлтэй байдаг ажилгүй иргэдийн тоо 900-аад иргэд байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр мэдээж бид ажилгүй иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Мөн ахлах ангид суралцаж байгаа 12-р ангийн сурагчид маань ажил мэргэжлийнхээ чиг баримжаатай болох ёстой юм байна, эргээд энэ нь хүний төлөвшил ирээдүйд нь чухал хэрэгтэй учраас энэ талаарх мэдээллийг иргэддээ өгье гэдэг зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
ХНХДC-ийн багш Ц.Ганцэцэг: Баянгол дүүргийн ИТХ, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, ХНХДС-ийн МСҮТ-ийн хамтран зохион байгуулсан “Ажлын байртай болгох мэргэжлийн чиг баримжаа олгох” өдөрлөг амжилттай болж Баянгол дүүргийн иргэд их идэвхитэй оролцож байна. Манай сургууль энэ жил хүний нөөцийн туслах ажилтан, нарийн бичгийн даргын албан хэргийн ажилтан, гэсэн нэг жилийн хугацаанд суралцах хоёр мэргэжлээр МСҮТ-д элсэлтээ авч байгаа. Энэ чиглэлээрээ ажил мэргэжлээ хэрхэн сонгох хэрэгтэй, мэргэжлүүдийн ач холбогдол, үр дүн зэргийг таниулах зорилготой хамтран оролцож байна.