БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улиралд агаарын бохирдол ихсэхэд багагүй нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн инверсийн үзэгдлийн эрчим, давтамж өнгөрсөн оноос 20-25 хувиар их байсан нь агаар дахь азотын давхар исэл, PM тоосонцрын хэмжээ их байхад нөлөөлсөн. Өнөөдрийн 09:30 цагийн байдлаар Дамбадаржаа орчимд PM2.5 тоосонцрын хэмжээ 229 буюу бохирдолтой байна.
Мөн айл өрхийн түлшний хэрэглээ нэмэгдсэн бөгөөд зориулалтын бус зуух ашиглаж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Агаарын бохирдолтой тэмцэх газраас түүхий нүүрс ашигладаг аж ахуйн нэгжүүдэд шүүлтүүр хийж, шалгалт явуулж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн хувьд сайжруулсан шахмал түлшний борлуулалт нэмэгдсэн. Өндөрлөг газруудад шахмал түлшний цэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотоос 82 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарч байгаа зөрчлийг илрүүлэн торгууль ногдуулсан. Түүнчлэн, түүхий нүүрс түлж буй зөрчил мэдээллийг 102 утсанд авдаг болсон" гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан хүн угаартсан. Дуудлага ирсэн өрхөд шалгалт явуулахад уламжлалт монгол зуух ашигладаг, зуухны битүүмж алдагдсаны улмаас угаартах эрсдэл үүссэн байсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, угаарын дуудлага 80 хувь буурсан. Өвлийн улиралд иргэд шүүлтүүртэй амны хаалт зүүх хэрэгтэй” гэв.