Нидерланд улсад өнгөрөгч ням гарагаас эхлэн нэгдүгээр сарын дунд хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байна.
Зул сарын баярын өмнөхөн тус улсын төрийн байгууллагууд болон хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүр, баар, ресторан, сургууль, үсчин, биеийн тамирын заал зэрэг олон нийтийн газруудыг хаажээ. Иргэдэд аль болох гэртээ байхыг зөвлөж, энгийн өдрүүдэд насанд хүрсэн хоёроос илүүгүй тооны зочныг хүлээн авахыг зөвшөөрч, зул сар болон шинэ жилийн баяраар дөрөв хүртэлх тооны хүнийг гэртээ оруулах боломжтой юм байна.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте нэг өдрийн өмнө буюу бямба гарагт хөл хорио тогтоохоор болсноо зарлажээ.
Тус улсад сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдол буурсан байна. Арванхоёрдугаар сарын 18-нд 14.7 мянга байсан бол арваннэгдүгээр сарын сүүлчээр өдөрт 20 мянга гаруй тохиолдол бүртгэжээ. Гэсэн хэдий ч өндөр халдвартай омикрон хувилбар эрчимжиж байгаа тул эмнэлгүүдиийн ачаалал хэтэрч магадгүй гэж засгийн газраас болгоомжилж байгаа аж.
Тус улсын Ерөнхий сайд "Омикрон төсөөлж байснаас ч хурдацтай тархаж байна. Бид таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд одоо арга хэмжээ авах ёстой" гэж хэлжээ.
ИТАЛИ УЛС ШИНЭ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Хязгаарлалтын шинэ арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд Марио Драги энэ сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар зарлах магадлалтай байна гэжээ
Италийн засгийн газар хязгаарлалтын шинэ арга хэмжээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тодруулбал, вакцин хийлгэсэн иргэд хүртэл олон нийтийн газраар очихдоо шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавиад байна.
Тус улсад вакцинжуулалтын гэрчилгээгээр шөнийн цэнгээний газар, цэнгэлдэх хүрээлэн зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад очих хангалтгүй учраас вакцин хийлгэсэн хүмүүс ч шинжилгээ өгөх шаардлага үүсэж байна гэжээ.
Тодруулбал, вакцин хийлгэсэн иргэд хүртэл олон нийтийн газраар очихдоо шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавиад байна.
Түүнчлэн Италийн засгийн газар вакцин заавал хийлгэх хүн амын жагсаалтыг өргөжүүлж, хүн бүрд зөвхөн дотоод орчинд төдийгүй гадаад орчинд маск зүүх шаардлага тавих магадлалтай гэв.
Өнгөрсөн хоногт Италид халдварын 28 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойролцоо тооны хүн амтай Их Британитай харьцуулахад хэд дахин бага байгаа аж. Гэвч Италийн эрх баригчид ковидоор эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаад санаа зовниж байна гэжээ. Бямба гарагийн байдлаар эмнэлэгт 7.7 мянган хүн эмчлүүлж байгаагаас (өмнөх өдөр нь 7.5 мянга байв), 1000 орчим нь эрчимт эмчилгээний тасагт байна гэв.
ГЕРМАН: ЗУЛ САРЫН БАЯРААР ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ТОГТООХГҮЙ Ч ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
ХБНГУ-ын Эрүүл мэндийн шинэ сайд, тархвар судлаач Карл Лаутербах ням гарагт зул сарын баяраар тус улсад хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдлээ. "Манай улсад халдварын тав дахь давлагаа эхлээд байна. Энэ давлагааг бүрэн зогсоох боломжгүй" гэж Лаутербах ARD сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Германы засгийн газрын дэргэдэх шинжээчдийн зөвлөл ням гарагт омикроны тархалтын хурдыг бууруулахын тулд хүмүүсийн хавьтлыг хязгаарлах шаардлагатай байна гэв. Эс тэгвээс эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино гэжээ.
Хүн амын 70 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан Герман улсад арванхоёрдугаар сарын эхээр вакцинд хамрагдаагүй иргэдэд зориулсан олон нийтийн зарим газрыг хаагаад байна.