Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Та УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн. Одоо таны юу хийж явааг уншигчид сонирхох болов уу. Улс төрийн болоод хувиараа юу хийж байна?
-Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгууль дээр ажиллалаа. Намайг Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын түмтийн даргаар ажиллаж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нам нэгдсэн учраас өнөөдрийн байдлаар тодорхой статусгүй байна. Миний хувьд хоёр намын эв нэгдлийг хангах чиглэлд өөрийн хүч бололцоог дайчлан ажиллана. Энэ бол ганц З.Баянсэлэнгийн хувийн асуудал биш. Миний ард байгаа мянга мянган дэмжигчдийн асуудал. Хувийн статусын хувьд би Эрдэмийн их сургуулийн докторант болоод гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ өвөл эрдмийн зэргээ хамгаална гэсэн бодолтой хичээл ном, судалгааны ажлаа хийгээд явж байна даа.
-МАН, МАХН нэгдлийг та хэрхэн дүгнэж байна. Таны байр суурийг сонсох нь зөв болов уу?
-МАН, МАХН нэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. 10 жилийн хугацаанд тусгаар үйл ажиллагаа явуулж байгаад 100 жилийн түүхэн ойн дээрээ буцаж нэгдлээ. Энэ нэгдэл бол хэн нэгэн албан тушаалтны хүсэл зоригийн асуудал, эрх ашгийн ч сонирхол байсангүй.
Энэ бол нийгмийн захиалга байсан. Гишүүд, дэмжигчид маань ч ингэж дүгнэж байгаа болов уу. Хоёр нам тусдаа үйл ажиллагаа явуулсан энэ цаг хугацаанд МАХН нийгэмд гуравдагч хүний байр суурь дээрээ бат зогсож шийдвэр гаргаж байгаа эрх баригчид болон гүйцэтгэх засаглалдаа шүүмжлэлтэй хандаж ирсэн.
МАХН-ын үзэл баримтлал болох зүүн төвийн үзэл баримтлалдаа тулгуурлаж боловсруулсан хөтөлбөрөө танилцуулж хамтарч ажиллах санал санаачилгыг гаргасан.
-Та улс орны бодлогыг тодорхойлолцож явсан хүний хувьд өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байна?
-2016 оноос өнөөдрийг хүртэл МАН дангаараа олонх болоод ажиллаж байна. Олонхыг бүрдүүлсэн намын хувьд ямар нэгэн тээг, саад бэрхшээл төдийлөн учрахгүй. Цөөн гишүүдийн саналын зөрүүтэйгээр хууль батлагддаг. Олонх бус олон ч юмуу, эсвэл сөрөг хүчний дуу хоолой их байгаа тохиолдол жаахан хүндрэлтэй. Өнөөгийн нөхцөлд нам маань бүдүүн бүлэгтэй, бяртай, хүчтэй байгаа тохиолдолд парламентад ямар нэгэн саад тотгор алга. Үүнээс гадна УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг намаас байгаа тохиолдолд төдийлөн бодлогын зөрчилдөөн гарахгүй. Ерөнхийлөгч МАН-аас нэр дэвшсэн. Ингэхдээ МАН-аас парламентын сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн санал болгосон учраас автор булаацалдах асуудал гарахгүй. Нэг бодлогыг л хэрэгжүүлэхээр хоёр институци ажиллана гэсэн үг.
Засгийн газар ч дангаараа засаглаж байна. Өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлуудын алдаа, оноог нь дэнсэлж засч сайжруулаад үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явахад болохгүй зүйл алга. Гэвч манай эдийн засаг хоёр хөршөөс хамааралтай, бүх юм зогссон, хумигдсан байдалтай тун хүнд байна. Дангаар засаглаж байгаа ч их гүрнүүдийн бодлого гэдэг хэцүү. Цаг үеийг тун хүндрүүлж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдал удахгүй сайжрах байх. Тэр хүртэл өөрсдийн эдийн засгаа одоогийнхоосоо сулруулахгүй бэхжүүлэх, намын Их хурлаар танилцуулсан ажлынхаа бэлтгэл ажлыг хангах, цаашлаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдээ богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй. Нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ явуулж өнөөдрийн түвшинд чухал шаардлагагүй төсөл, хөтөлбөрийг танаж хойшлуулах хэрэгтэй. Дээрээс нь эрүүл мэндийн салбараа анхаарах ёстой.
-Улс төрд шинэ залуу үеийнхэн орж ирлээ гээд олон нийтэд ихээхэн хүлээлт бий болчих шиг боллоо. Улс төр дэх үеийн асуудлыг та юу гэж хардаг вэ?
-Би 38-тай УИХ-ын гишүүн болж байсан. Хэт залуудаа ч, хөгшиндөө ч орохгүй дундаж нас. Засгийн газарт залуу хүмүүс орсноор эрч хүчтэй ажиллана гэдэг ойлголтыг би хүлээн зөвшөөрдөггүй. Бас хөгшин хүмүүс удаан, гараас нь юм гарахгүй болчихдог гэдгийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс байж байж л ажил урагшилдаг.
Нам боловсон хүчнийхээ асуудлыг анхаардаг, бэлтгэдэг байх ёстой. Энэ үүднээс туршлага судалсан ахмадууд боловсон хүчнээ бэлтгэх төрийн залгамж чанар байх ёстой гэж боддог. Түүнээс дан залуучууд, эсвэл дан ахмадууд гэвэл өрөөсгөл байх болов уу. Ахмадын туршлага хэрэгтэй ч парламентад олон сонгогдсон, олон удаа Засгийн газарт ажилласан хүмүүс супер гэсэн үг биш. Миний туршлагаас харахад тийм хүмүүс заримдаа мөлгөр болчихсон байдаг. Шинэлэг зүйлийг хүлээж авахдаа удаашралтай байдаг. Монголчлоод болгочихно гэсэн шүү хандлага ажиглагддаг. Түүнээс тэр хүмүүс өөрт байгаа ажлын арвин туршлагаа бусдадаа хуваалцаж болно шүү дээ. Магадгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээ одоогийн УИХ-ын гишүүдийн зөвлөх болгож яагаад болохгүй гэж. Өмнө нь сайд байсан хүнийг сайдын зөвлөхөөр ажиллуулж болно шүү дээ. Ийм бодлогын зөвлөхүүд “Миний үед ингэж алдаж байсан шүү. Чи үүн дээр алдчихав аа, анхаараарай” гээд хамгийн сайн зөвлөх болохийг үгүйсгэхгүй. Түүнээс “Та бүхэн тухайн цаг үедээ ажилласан. Одоо болсон” гэж хандвал энэ нам лидерийн хомсдолд орно.
-МАХН-ын ууган гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ил хэлдэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал өнөөдөр хүчтэй яригдаад эхэллээ. Сайд, гишүүн байсан хүний хувьд та давхар дээлний асуудлыг хэрхэн харж байна, нэмэлт оруулбал давхар дээлийг дахин бий болгох талаар яригдаад байгаа?
-Надад ажиглагдсан туршлагаас хэлэхэд, давхар дээлтэй сайдын парламентаар оруулж байгаа хууль тогтоолын төслүүд их хурдан амжилттай батлагддаг. Парламентын гишүүд нь эргээд сайдууддаа дарамт учруулаад байдаг учраас хүмүүс тэр дарамтаас ангид байхын тулд УИХ-ын гишүүн байсан бол эн тэнцүү хандах байсан даа гэсэн сэтгэгдэл гаднаас орж ирсэн сайдуудад байдгийг үгүйсгэхгүй. Давхар дээлтэй сайд нарын салбарын асуудал хурдан шуурхай хэлэлцүүлэгдэж батлагддаг. Дээрээс нь парламентын гишүүд дарамт, шахалт үзүүлээд байдаггүй. Нууцгүй хэлэхэд, парламентын гишүүдээс хувь, хувьсгалын зүгээс янз бүрийн гуйлт, шахалт ирнэ. Тэр гуйлт нь хувийнх нь уу гэхээр тойргийн иргэдийн гуйлт, санал байдаг. Гэхдээ эцсийн дүндээ энэ бүхэн давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэг дээр маргахаас илүү тогтолцооны өөрчлөлт хийх ёстой.
Тогтолцооны өөрчлөлт гэдэг нь Үндсэн хуульд жинхэнэ утгаар нь өөрчлөлт оруулах ёстой. 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой зарим нэг албан тушаалын өөрчлөлтийн асуудал ярьснаас тогтолцооны өөрчлөлтийг хөндөөгүй. УИХ-ын гишүүд, сайдуудад өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдээгүй. Тулгамдаж байгаа энэ асуудал нь хувь хүний хооронд зохицуулагдах эсвэл хуулиар хатуу зохицуулах асуудал биш. Энэ нь өөрөө системын өөрчлөлт байх ёстой. Засгийн газар, парламент нь эрх мэдэлтэй. Ерөнхийлөгч болон шүүх засаглал нь тусдаа институци учраас парламентаас хараат бусаар шийдвэрээ гаргадаг байх ёстой. Бүгд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд харилцан тэнцүү хяналт тавьж ажиллана, ямар ч зүйл дээр өгөө аваа байхгүйгээр тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол 30 жилийн хугацаанд бид өнөөдрийн болохгүй байгаа зүйлийг томоор харахгүйгээр жижиг шинж тэмдгийн өнгөц засвар хийгээд байна.
-Үндсэн хуулиар тогтолцоог өөрчилнө гэхээр та юуг өөрчлөх талаар хэлээд байна вэ?
-Парламентаа бэхжүүлэх хэрэгтэй. Парламентыг дээд, доод хоёр танхимтай болгох ёстой гэж би боддог. Дээд танхимд нь нам бус жирийн иргэд ордог үүд хаалгатай. Харин доод танхим нь цэвэр бодлогын хэмжээнд ажиллах хүмүүсээ намын жагсаалтаар оруулж, тэд зөвхөн хуулиа боловсруулдаг. Тэр хуулийг нь дээд танхим нь хянадаг. Тэд амьдрал дээр яаж хэрэгжих вэ гэдгийг мэдэж байгаа хүмүүс шүү дээ.
Өнөөдөр манайх парламентын засаглалтай юмуу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдгээ тодорхойлоход их хүнд шүү дээ. Тиймээс парламентын засаглал гэдгээ жинхэнэ утгаар нь бэхжүүлэх хэрэгтэй. Ер нь тогтолцооны өөрчлөлтийг л хийх ёстой байх. Богино хугацаанд энэ бүхнийг тайлбарлахад төвөгтэй л дөө.
-МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг намаас хөөх зохицуулалтыг дүрэмдээ тусгасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид Ашиг сонирхлын зөрчлийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэр хуулиар төрийн албанд орж ажиллах шалгуур нөхцөлийг өндөр тогтоосон тохиолдолд өөрийн хамаарал бүхий хүн нь дээд албанд томилогддог асуудал үүсэхгүй байх гэж харж байна. Авлига албан тушаалын хэргээс ангид байх ёстой юу гэвэл ангид байх ёстой. Гэхдээ ангид байна гээд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ хөөгөөд байна гэвэл энэ дэндүү өрөөсгөл ойлголт. Өнөөдрийн улс төр дэндүү бохир замаар хийгддэг. Би өөрөө биеэрээ туулсан хүний хувьд хэлэхэд, улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд элдэв янзын башир арга хэрэглэдэг. Үүнийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй. Өрсөлдөгчөө эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулж эхэлдэг. Ингээд нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ингэж өөрчилснийхөө дараа тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдуулдаг. Ингээд тэр хүнийг ямар нэгэн буруутгах зүйл рүү явдаг. Эргээд тэр хүн нь үнэн зөвөө тогтоолгоод гэм буруугүй гээд гараад ирэх үед нийгэм аль хэдийнэ тэр хүнийг жигшин зэвүүцсэн байдаг. Ийм тохиолдол маш их. Өнөөдөр улс төр цэвэр, гишүүд нь хариуцлагатай, ёс зүйтэй байж гэмээнэ энэ заалт бодитоор хэрэгжих болно. Өнөөдөр бохир улс төрийн тоглоом дунд хэнийг ч хэрчихгүй гэхийн баталгаа байхгүй нөхцөлд энэ заалт өрөөсгөл.
Хүн ямар ч намд гишүүнээр элсэхдээ тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж, өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэгдэж ордог. Энэ итгэл үнэмшлийг нь намын дүрмээр хөөж тууна гэдэг өрөөсгөл ойлголт. Гэмт хэрэгт холбогдоод тэр хүн буруутгагдсан байж болно. Гэтэл намаас нь хөөчихсөн байя гэж бодъё. Гэтэл гурав, таван жилийн дараа тэр хүн хэрэг хийгээгүй гэдэг нь батлагдвал хөөсөн хугацаан дахь тэр хүний үзэл бодол, сэтгэл зүй ямар байх вэ. Тэр хүн хөөсөн намдаа гомдоно шүү дээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хуулиар зохицуулагдах асуудал. Хүний итгэл үнэмшлийг дүрэм журмаар зохицуулна гэдгийг би байж болохгүй гэж харж байгаа. Надтай санал нийлэхгүй хүн байхыг үгүйсгэхгүй. Итгэл үнэмшлээ зориулна гэдэг чухал асуудал байдаг. Нам нь өөрөө цэвэр, гишүүд нь ёс зүйтэй байсан бол ийм зүйлээс ангид байж чадна. Өнөөдөр ийм байхад тун хэцүү нөхцөл байдалтай явж байна шүү дээ. Хүмүүс гэр бүлээрээ төрийн өндөр албан тушаал хашиж байна. Гэр бүлийн гишүүдийн нэг нь сайдын албыг хашиж байхад нөгөөх нь төрийн өмчийн газрын том даргаар ажиллаж байна. Нам итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч эсэх болон мэдлэг, туршлагыг үнэлж тодорхой албан тушаалд тавина гэдэг бол тэр хүнийг үнэлж хамтарч ажиллахыг санал болгож байгаа л хэрэг. Түүнээс биш хэн нэгэн даргын цүнхийг нь барьж, хэн нэгэн даргад бялдуучилж байгаад орон зайг нь эзлээд намын нэрээр албан тушаалд очиж намыг баяжих хэрэгсэл болж байгаа нөхдүүдийн хувьд үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг зүйлийг ярихад тун бэрх.
-Энэ бохир улс төрийн хэрчээс дунд та орчихов уу даа. Сайдын албан тушаал хашиж байхдаа Бэрэн группт эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж тендер зарлахгүйгээр шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт та холбогдсон. Шүүх хурал олон хойшлох шиг боллоо. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
-Энэ хугацаанд олон удаа шүүхээр орлоо. Улсын Дээд шүүх хүртлээ явлаа. Үнэн гэж байдаг бол эцсийг үзчихье гээд явж байна. Өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ явж байна. Энэ асуудал бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн цэвэр төсөл, арга хэмжээ байсан. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсан. Тэр тогтоолын төслийг хэрэгжүүлэх шаардлага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байсан. Энэ ажлыг хийхийн тулд тодорхой хэмжээний санхүүгийн зардал гаргах ёстой. Энэ санхүүгийн зардлыг яаж гаргах вэ гэхээр үнэт цаас гаргаж худалдаж авсан. Үнэт цаасыг хэн гаргадаг вэ гэхээр Сангийн яам гаргадаг. Сангийн яам энэ эрх хэмжээнийхээ хүрээнд 14 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. Үнэт цаас буюу Векселийн хуулиар энэ асуудал хэрэгжсэн. Векселийн хуулиар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд худалдан авах ажиллагаа явуулдаггүй. Худалдан авах ажиллагааг хэзээ ямар тохиолдолд явуулдаг вэ гэхээр улсын төсвөөр батлагдсан төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааны тухай хууль үйлчилдэг. Улсын төсөвт суугаагүй гэнэт Засгийн газраар хэлэлцэгдэж шийдэгдсэн. Тухайн үед Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Үүнийгээ үргэлжлүүлэх үүднээс Засгийн газар танхимын зарчмаар олонхийн саналаар батлагдсан Засгийн газрын тогтоол байсан юм. Энэ тогтоолыг гаргахад Засгийн газрын худалдаанд би ганцаараа ороод би ганцаараа алх цохиод, би ганцаараа хэрэгжүүлээд, би ганцаараа үнэт цаас гаргаад, би ганцаараа Векселийн хууль гаргаад, Бэрэн групп дээр би гүйж очоод гэрээ хийгээд явсан юм шиг асуудлыг босгож ирж тавьсан. Улс төрийн өс хонзон ир нь мохох юм болов уу гэж бодож байгаа. Тиймээс би өнөөдрийг хүртэл өөрийнхөө бор зүрхээр энэ асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэх гээд явж байгаа.
-Тэгээд таныг яг ямар зүйлчлэлээр буруутгаад байдаг юм бэ?
-Намайг улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гэж нэг үздэг. Нэг бол хэлэлцэх асуудлын дараалалд яагаад оруулсан юм бэ гэдэг. Асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эрх ганцхан Ерөнхий сайдад байдаг. Гэтэл Ерөнхий сайдын эрхийг миний зөрчил болгоод оруулж ирж байгаа юм. Эсвэл тэр байрыг худалдаж авсан 14 тэрбум төгрөгийн үнэт цаасыг мөнгө гэж ойлгож хохирол учруулсан гэж үздэг. Засгийн газрын худалдаж авсан үнэт цаас бэлэн мөнгө биш шүү. Худалдаж авсан 223 айлын түрээсийн орон сууц өнөөдөр Засгийн газрын өмч хэвээр байгаа. Тэгэхээр би түүнийг яаж завшсан байх вэ. Дээр нь бүх санхүүжилт, саналуудыг яамдууд тэр дундаа Засгийн газрын хөрөнгийг захиран зарцуулдаг Сангийн яам оролцож, хэлэлцэж шийдвэрлэсэн ч 16 сайдаас ганцаараа би буруудаж байна.
-Үнэт цаасны хууль, Засгийн газрын хурлаар шийдэгдсэн асуудал яагаад таны нэр дээр хаяглагдаад байдаг юм бэ. Энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа учрыг та юу гэж харж байна?
-Би шүүхийн байгууллагыг шүүмжлэхээсээ илүү прокурорын байгууллагад шүүмжлэлтэй ханддаг. Учир нь прокурорын байгууллага өнөөдөр хэн бэ гуайд ч гэсэн хэрэг үүсгэх, болсон болоогүй баахан бичиг цаас цуглуулдаг юм билээ. Бэрэн группийн 2010 оноос хойших санхүүгийн тайлан гээд өчнөөн тайлан авсан. Бэрэн группийн тайланг 4, 5 хавтаст хэрэгт оруулчихаж байгаа юм. Байцаагч асуухдаа “Яагаад энэ дээр худалдан авах ажиллагаа явуулаагүй юм бэ” гээд хүмүүсээс асуудаг юм байна. Нөгөө хүмүүс нь болсон процессыг мэдэхгүй учраас худалдан авах ажиллагаа явуулах ёстой байсан юм байна л даа гэж бодоод л хариулдаг. Гэтэл энэ асуудал Худалдан авах ажиллагааны хуулиар зохицуулагдахгүй Векселийн хуулиар зохицуулагдсан асуудал. Хүн бүрээс асуугаад явсаар болсон болоогүй баахан бичиг цаас цуглуулчихдаг юм билээ. Тэр битгий хэл намайг “Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан гэж буруутгасан. Сайдын эрхлэх асуудал юу байдаг юм бэ. Салбарынхаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй, энэ өөрийнх нь бүрэн эрх шүү дээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд л би салбарын асуудлаа танилцуулсан. Батлагдах эсэх надаас шалтгаалахгүй. Батлагдвал сайн биз дээ. Нэг ч гэсэн ажил урагшаа яваг л дээ. Батлагдахгүй бол улам сайжруулаад оруулдаг. Хоёр гурван удаа орж буцсан асуудал байдаг. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ороод батлуулсан байна гэж зүйлчилсэн. Хамгийн сүүлд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж яллах дүгнэлтдээ бичиж байгаа юм. Бод доо, Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг Эрүүгийн шүүхээр тогтоодог юм уу, Үндсэн хуулийн Цэц тогтоодог юм уу. Прокурорууд янз бүрээр л үздэг. Засгийн газрын хуралдаанд орж батлуулсан байна гэж нэг зүйлчилдэг. Үндсэн хууль зөрчсөн байна гэж нэг үздэг. Тэгснээ Худалдан авах ажиллагааны хууль зөрчсөн байна гэж нэг зүйлчилдэг. Тэгсэн хэрнээ би үнэхээр буруутай юм бол үүнийг нь тогтоогоод өг. Энэ энэ ажилбаруудыг хийгээд өг гэхээр прокурорын байгууллага хийдэггүй. “Шүүхэд шилжүүлсэн. Шүүх үүнийг шийдвэрлэсэнгүй” гэдэг. Гэтэл өөрсдөө шүүхээр ороод шийдвэрлэгдэхүйц хэрэг маргааныг үнэхээр яг явуулдаг уу гэдэгт би эргэлзэж эхэлсэн. Зүгээр л болсон болоогүй хавтаст хэрэг, баахан бичиг цаас цуглуулаад өөрсдийнхөө “баасыг” шүүхээр цэвэрлүүлэх гэж явдаг. Шүүх тэрэн дээр нь шийдвэр гаргаж чаддаггүй. Ямар хохирол учирсан юм бэ гэхээр тэрийгээ тайлбарлаж хэлж чаддаггүй. Хохирогч нь байдаггүй. Сангийн яамыг хохирогчоор тогтоож байгаа юм. Гэтэл Сангийн яам нэг талд Вексель гаргаж зөвшөөрөл олгосон субьект байгаад байдаг. Нөгөө талдаа өөрөө түүнийгээ нэхэмжилчихсэн хохирогч болоод гүйгээд байх жишээтэй. Иймэрхүү зөрчил маргаанаас болоод энэ асуудал таван жил явсан.
Хамгийн сүүлд хаа хамаагүй хэрэгтэй нэгтгэсэн. Би хоригдож, тэмцэн барин байж ямар ч холбогдолгүй тэр хэргээс салгасан. Хамгийн сүүлд шүүх хурлаар ороод шийдвэрлэх бололцоогүй гэсэн. “Прокурорын байгууллага яриад байгаа зүйлүүдээ хийгээгүй байна. Хүнийг буруутгах гээд байгаа юм бол буруутгасан нотлох баримтаа цуглуулаагүй байна. Та нар үүн дээрээ ажилла. Шүүх шийдвэр гаргах ямар ч бололцоогүй байна” гээд явуулчихсан.
Р.Хишигжаргал