Оюутолгойн захидал оны онцлох сэдэв болон яригдах бололтой. Хоёр хоногийн өмнө энэхүү захидлын агуулгыг Засгийн газраар хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.
Ингэснээр асуудал дуусч, Рио Тинтотой “нуур нугас” болчихож байгаа хэрэг биш. Гэрээг сайжруулах шаардлага бас цаана нь үлдэж буй. Эхний удаад Оюутолгойн ашиглалтад Монголын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд эдгээр асуудал шийдэгдээд байна.
Монголын талаас таьсан шаардлага хүсэлтийг хүлээн авсан нь Рио Тинто бууж өгч буй хэрэг огт биш. Бас энд хэн нэгэн нь ялсан ялагдсан тухай ярих нь бүр ч утгагүй. Энэ бол харилцан ойлголцол, хэн хэнийхээ эрх ашгийг тэнцвэржүүлэх оролдлого шийдэл боллоо.
Рио Тинто энхийн цагаан тагтаа бас биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ ноён яаж хүлээж авна бид тэгж хандана гэдэг шиг Оюунтолгойн ашиглалтын гэрээг анх байгуулахаас эхлээд Монголын эрх мэдэл бүхий хүмүүс улсын эрх ашгаасаа илүүтэй хувийн ашиг сонирхлоо илүүтэй илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд хүндэтгэлгүй хандах уг шалтгаан болсон байх. Энэ алдаагаа монголчууд 17 жилийн дараа засч залруулахаар оролдож буй нь энэ. Эндээс баялагтаа эзэн байх туршлага сургамж бас үлдэнэ.
Рио Тинто Монголын талын саналыг хүлээн авлаа. Ингэхдээ энэ санал явагдаж буй яриа хээлцээрийн хүрээнд сүүлчийнх гэдгээ тодотгов.
Харин энэхүү захидал араасаа олон олон агуулга, хандлагыг дагуулж эхэллээ. Юуны түрүүнд гавьяа хуваалцах, ардын баатараар нэрлэгдэх амбиц тун хүчтэй явж байгааг анзаарсан байх. Хэн хэн гэдэг нь ч тодорхой болхоор тэр бүхнийг дурдах гээд яахав.
Магтаал сайшаалын удирдатгал ч уянгалж, Ерөнхий сайд сөрөг хүчин АН-ын бүлгээс ч санаачлагатай ажиллаж байна гэсэн сайшаал сонсов.
Одоо үүнээс цааш Оюутолгойг тойрсон олон олон “тойрон бүжиг” дэглэгдэх нь тодорхой.
Юуны өмнө өмнө огт байхгүй 22 тэрбум ам долларын өр гэгчийг босгож хүчингүй болгож жүжиглэлээ гэх санаа оноо цахим орчинд үе үехэн шуурч байна. Ер нь ирээдүйд үүсэх эрсдэлтэй байсан энэ 22 тэрбумд итгэлгүй ханддаг хүн олон байдаг бололтой юм.
Түүчнлэн Арбитрийн маргаанд Монгол ялах магадлал өндөр учраас РиоТинто буулт хийлээ гэх хар сэр нэлээд явж байна. Гэхдээ одоогоор Арбитрийн маргааныг хойшлуулах тухай ярьж байгаа болхоос эргүүлэн татаж авах талаар огт яригдаагүй байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Энэ бүхэн зарим нэгэнд улс төр хийх, цаашид хөрөнгө оруулагчдыг балбах бэлхээхэн сэдэл болж байх шиг байна.
Ерөнхий сайд асан С.Баяр “Хөдөө явж байна. Захидлын талаар мэдээлэлгүй байна” гэж Рио Тинтогийн захидлын талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч бас удахгүй хилийн чанадаас байр сууриа илэрхийлж магад. Өөрийнх нь хамтран хийсэн гэрээг Рио Тинто хүчингүй болгож байгаа нь түүний хувьд том цохилт гэдэг нь тодорхой. Өөрийгөө өмгөөлж хамгаалах бамбайгүй болж байна гэсэн үг. Энэчлэн Оюутолгойн шийдлийг тойрсон “тойрон бүжиг” үргэлжлэх биз.
Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн гэрээний үр ашиг болон зардлын хэтрэлтийг нарийн нягт тооцох, санхүүгийн гүйлгээгээ Монгол Улсын банкаар дамжуулах гэхчлэн илүү ажил хэрэгч шаардлагыг тавих төлөвтэй байна. Ерөнхий зургаараа бол гар бариад бугуй барина гэдэг шиг.
Ингэхдээ Оюутолгой компанийн удирдлагыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Тухайлбал, судлаач Ч. Бат-Эрдэнэ "Оюун толгой"-н зардлын хэтрэлт, гэрээний хэрэгжилтийн ойлгомжгүй байдлын талаар хууль ёсны байгуулагд холбогдох хүмүүсийг шалгуулахаар өгч байна гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болж, асар их хохирол учирсан. Жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-д шүүхэд хандахдаа далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилсон гэж мэдэгдсэн.
Манай Засгийн газраас томилогдсон хөндлөнгийн шинжээчдийн баг 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрч, ашиглалтын хугацааг 22 сараар хойшилсон гэж дүгнэсэн юм. Хугацаа хойшлох тусам энэ мөнгө нэмэгдэнэ. Энэ бүх зээлийн төлбөр Монгол Улсын баялгаас гарч байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Тэрбээр “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес болон хэд хэдэн захирлыг шалгуулахаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах болно. Мөн цаашдаа олон улсын хуулийн байгууллагад хандах болно" гэлээ.
Г.Хан