Өчигдөр ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүд цахим уулзалт хийлээ. Хоёр Ерөнхийлөгч нэг цаг орчим ярилцжээ. Тэд урьд нь өнгөрөгч зургадугаар сард мөн ийм цахим уулзалт хийж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд болон олон улсын байдлын талаар цахимаар хэлэлцлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг ТАСС-д дэлгэжээ.
Түүний хэлснээр, Путин, Ши Жиньпин нарын яриа хэлэлцээ нааштай өрнөсөн. "Яриа хэлэлцээр маш эерэг байдалд өрнөлөө. Гол нь энэ яриа хөөрөө хоёр орны коллеги нар, нөхөрсөг харилцаатай хоёр том гүрний удирдагчид, бас хоёр найз нөхдийн хооронд болж байгаа гэдгээрээ онцлогтой.
Хоёр орны харилцааны төвшинд улс орнуудын удирдагчид өндөр үнэлгээ өгч байгааг Ерөнхийлөгчийн туслах онцлов.
Ушаковын хэлснээр Ши Жиньпин энэ харилцааг стратегийн статусаас дээгүүр гэж тодотгосон байна.
Өмнө нь тэрбээр В.Путинтэй уулзах үеэрээ БНХАУ-ын дарга ярилцагчаа Хятадыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, хоёр орны харилцаа "эрч хүчтэй байгааг харуулж байна" гэж мэдэгдэж байв.
Харин энэхүү цахим уулзалтын талаар БНХАУ-ын Синьхуа агентлаг хэрхэн мэдээлснийг хүргэе.
Юуны өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Орос, Хятадын харилцаа бол 21-р зууны улс хоорондын хамтын ажиллагааны бодит жишээ юм" хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэйцахим уулзалт хийх үеэрээ мэдэгджээ.
"Тантай цахим уулзалт хийх боломж олдсондоо баяртай байна. Энэ нь Орос-Хятадын иж бүрэн түншлэл, стратегийн харилцааны цаашдын хөгжлийн талаар нухацтай ярилцах боломжийг бидэнд олгож байна. Би эдгээр харилцааг 21-р зууны улс хоорондын хамтын ажиллагааны бодит загвар гэж үзэж байна. " гэж ОХУ-ын ерөнхийлөгч Хятадын удирдагчтай яриа хэлэлцээгээ нээж хэлсэн үгэндээ онцолжээ.
В.Путин "ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны шинэ загвар нь дотоод хэрэгт үл оролцох, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг зарчмуудад суурилсан.
ОХУ, БНХАУ-ын хооронд найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд гэрээг дахин таван жилээр сунгаж байна.
"Орос, Хятадын ард түмний найрамдал, харилцан ойлголцлын гүн гүнзгий түүхэн уламжлалыг бүрэн тусгасан энэхүү суурь баримт бичгийг тууштай хэрэгжүүлсэн нь бидний харилцааг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд гаргах боломжтой боллоо" гэж В.Путин дүгнэв.
Тэрбээр мөн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын нөлөөнөөс үл хамааран хоёр талын хамтын ажиллагааны салбарт эерэг үр дүн гарлаа. Энэ онд Орос, Хятадын худалдаа нэмэгдэж, 2019 оны тахлын өмнөх дээд амжилтыг давлаагэдгийг уулзалтын үеэрээ онцолжээ.
Эх сурвалж: Лента.ру. Синьхуа