Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Харин сурагчдын улирлын амралт энэ сарын 20-иос эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарав. Уг тушаалд сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ. Мөн энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд хараа, хяналтгүй болох эрсдэлтэй 4, 5 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь хүсэлтээр үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулах боломжтой талаар мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, амралтын хугацаанд 10 хүртэл насны хүүхдээ харах боломжгүй төрийн байгууллагын алба хаагчдыг гэрээсээ ажиллахыг боломжоор хангах юм байна. Ингэхдээ тухайн албан хаагчийн хүсэлтийг харгалзан үзэх юм.