Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, Зам Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Даалгасан даруйд хэрэгждэгсэн бол сайхан л байна.
Аль халуун намраас эхлээд л дээрх нэр дурдагдсан хоёр сайд ийм даалгаврыг Ерөнхий сайдаас удаа дараалан авч байсан. Гэхдээ юуг ч өөрчилж чадаагүй. Эрээний хил гэхэд аравдугаар сарын дундуур хаагдснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ийм чилийсэн урт хугацаанд эрхэм хоёр сайдтан “хүн хэлээрээ” гэдэгчлэн арга зам хайж, яриа хэлэлцээр өрнүүлж, асуудлыг шийдэж чадсангүй. Төрийн ажлыг зүгээр л зовлон тоочиж, бэрхшээл ярьж аргацааж ирлээ.
Даалгавар өгөөд хэрэгжүүлдэггүй, хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө санаачлаад Хятадын нэг жижигхэн боомтын ая эвийг олчихож чадахгүй байгаа хүмүүст дахин даалгавар өгөх нь зүгээр л хэлбэрдэх төдий үйлдэл гэж харагдаж байна. Бүр гунигтай нь тийм хүмүүс төрийн сайд гэгдээд явж байна.
Энэ сарын 10-аас эхлээд Эрээний боомтоор ачаа машин нэвтрүүлж хил бүрэн нээгдэнэ гэсэн мэдээллийг ГХ-ын дэд сайд Б.Мөнхжин албан ёсоор өгсөн. Үүний дараа 50 орчим машин “0” цэгээр гарч ирсэн ч хоёр хоногийн дараагаас дахин хаагдаад байгаа. Ингэхдээ Хятадын талаас манай талд хэд хэдэн шаардлага тавьсан, өөрсдөө бас “0” цэг рүү орсон жолооч нартаа халдварын тест хийж тусгаарлах байрны асуудлыг шийднэ гэсэн тайлбар хэлсэн юм шиг байна.
Ингээд Эрээн нээгдэх монголчуудын горьдлого тодорхойгүй хугацаагаар дахин хүлээлтэд орлоо. Удахгүй тус улсын цагаан сарын амралт эхэлнэ, үргэлжлүүлээд өвлийн олимпийн тоглолт болно. Хэрэв энэ бүхнийг тооцож үзэх юм бол Эрээний хил ирэх 3,4 дүгээр сараас л хэвийн ажиллаж эхлэх магадлалтай. Гэхдээ Монголын тал тэр үед коронавирусын тархалтаа хумьж чадсан байвал шүү дээ. Хэрэв халдвараа хазаарлаж чадахгүй бол Эрээний хил мөддөө нээгдэхгүй байж ч мэднэ.
Бодит байдал нэг иймэрхүү л байна. Гэтэл Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөсөө эхлээд Гадаад харилцааны дэд сайд нь Эрээний хил хаагдаагүй гэсэн мэдээллээр “тайвшруулах тун” хийж байна. Ачаа, машин нэвтрүүлэхгүй байгаа хилийг нээлттэй гэж нэрлээд байгаа нь бүр ч арга ядсан үйлдэл гэлтэй.
Тодруулбал, "Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй” гэжээ. Дэд сайд Б.Мөнхжин "БНХАУ-ын цар тахлын үеийн баримтлах дүрэм, журмын хүрээнд 0 цэг дээр Монгол жолооч нар орсон учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тэгэхээр халдвартай бүсэд үнэлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийн үнэлгээнүүд хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд Эрээн талын үнэлгээний ажлууд хийгдэж байгаа. Энэ нь олон нийтийн ойлгож байгаа шиг Эрээн хилээ дахин хаасан ойлголт биш. Харин бараа бүтээгдэхүүнээ оруулах, эргэлтийг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудын нэг хэсэг. Үе шаттай ажлын процесс явагдаж байгаа гэсэн үг" гэлээ.
Хар ухаанаар бодоход орж гарах үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хилийг л нээлттай гэж нэрлэх байлтай. Гэтэл орох гарах бүх хөдөлгөөн нь “0” зогсолттой байгаа хилийг хаагаагүй, нээлттэй хэвээр байгаа гэж нэрлээд байгаа нь бодит байдалтай нэг л нийцэж өгөхгүй байна.
Г.Учрал