Өчигдөр коронавирус халдварын 97 тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол өнгөрөгч гуравдугаар сарын 7-оос хойш анх удаа халдвар 100-аас доош бүртгэгдсэн тохиолдол болж байна. Үүнээс 75 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Тэгэхээр нийслэл хот урьдын адил голомт хэвээр байна гэсэн үг. Тайвшрах, шар түвшинд шилжих яриа одоогоор арай эрт хэвээр байна.
Коронавирусын дараагийн хувилбар болох Омикрон омгийн тархалт одоо дэлхий нийтэд эрчтэй явагдаж байна. Хэдийгээр хөнгөн, хүндрэх эрсдэл бага гэж байгаа ч халдварлах чадварын хувьд Дельтагаас хэд дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Тархалтаас нь харвал энэ ч үнэн бололтой.
ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ОРЖ ИРҮҮЛЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БАЙНА УУ
Өмнөд Африкт энэ шинэ омог бүртгэгдсний дараа УОК хуралдаж халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 11 улсыг нэрлэж байв. Гэвч “Омикрон” хувилбар дэлхийн 40 гаруй оронд тархаад байгааг ДЭМБ мэдээллээ. АНУ-д л гэхэд “Омикрон” хувилбар гуравхан хоногийн дотор 12 муж улсад бүртгэгджээ. Тэгэхээр энэ хэмжээгээр эрсдэл нэмэгдэж байна.
Түүчнлэн омикрон хувилбарын халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг эх оронд нь хүлээн авахдаа хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгах шийдвэртэй.
Энэ бүхнээс гадна шинэ хувилбараас сэргийлэх хамгийн чухал арга зам бол гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах явдал гэж байгаа.
Зорилтот бүлгийн 44 хувь нь бүүстэр тунгаа авсан гэх мэдээлэл байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлнэ. Энэ нь бараг энгийн амьдралын хэм хэмжээ юм.
ШИНЭ ЖИЛИЙН АМРАЛТЫГ 5-6 ХОНОГ СУНГАХ УУ
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ж.Амгалан коронавирусийн шинэ хувилбар омикронтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө “"Олон улсын эрдэмтэд энэ хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар санал гаргаад байна.
Тухайлбал, омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулахын тулд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах хэлбэрт эргэн шилжих юм” гэдгийг онцлов. Одоо үргэлжилж байгаа дельта хувилбарын тархалтыг ингэж буурсан дээр нь барьж тогтоох шаардлага юу юунаас чухал байна. Хэрэв үүнийг омирконоор сэлбэж үргэлжлүүлэн сэдрээвэл иргэдийн эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө авчрах эрсдэлтэй.
Хүсэхэд хясна гэдэг шиг омиркон хувилбарын тархалт дэлхий нийтэд шинэ жилийн баяртай давхцаж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
ХОЁР ДАХИН ХОЛ ЗӨРҮҮТЭЙ ХОЁР ТООНЫ АЛИНД НЬ ИТГЭХ ВЭ
Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 386 мянга 635 болоод байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 10 хувь нь халдвар авсан гэсэн үг.
Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр батлагдсан нийт тохиолдол 682 мянга 727 болсон байна. Харин энэ хоёр мэдээллийн аль нь илүү бодитой вэ. Үүнийг мэргэжлийн байгууллагууд нэгтгэн шинжилж үнэн зөв бодитой мэдээлэл өгөх шаардлагатай байна.
Түүнчлэн одоогоор COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2036 хүн эндээд байна.
МОНГОЛД COVID-19-ИЙН ЭСРЭГ ЭМ ҮЙЛДВЭРЛЭХ ҮҮ
“Pfizer” болон “Merck&Co” компани COVID-19-ийн эсрэг эмээ танилцуулаад байна. “Pfizer” компанийн хувьд хөгжиж буй 95 улсад “Paxlovid” эм үйлдвэрлэж, борлуулах зөвшөөрөл олгохоо мэдэгдсэн юм. Түүнчлэн БНХАУ COVID-19-ийн эсрэг эм гаргаж авснаа яаралтай горимоор үйлдвэрлэх шийдвэр гаргаад байна.
Монгол Улсын хувьд ч бас “Paxlovid” эмийг дотооддоо үйлдвэрлэх амбицтай байгаа. Тодруулбал, "Монос фарм” ХХК “Pfizer”-ийн эмийг дотоодод үйлдвэрлэх хүсэлтээ өгөөд байгаа ч хариу ирээгүй байгааг тус компани мэдээлсэн. Ийм хүсэлтийг 5900 гаруй эм үйлдвэрлэгч хүсэлт гаргажээ.
ЦАР ТАХАЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ
Хамгийн өөдрөг мэдээллийг Билл Гэйтс хэлээд байна. Хэдхэн өдрийн өмнө тэрбээр 2022 оны талаар төсөөллөө бичжээ. “Энэ тухай таамаг дэвшүүлэх нь тэнэг хэрэг байж болох ч миний бодлоор цар тахлын оргил үе 2022 онд өндөрлөнө” гэж Гэйтс бичжээ. Тэрбээр жил бүрийн эцэст дараа жилийн өнгийг хэрхэн харж байгаагаа өөрийн хувийн блогт зөгнөж бичдэг уламжлалтай. Коронавирусийн Омикрон хувилбар санаа зовоож байгааг Гэйтс хүлээн зөвшөөрсөн ч вирусийн эсрэг вакцин болон эм бүтээх ажил урагштай байгаа тул 2022 онд цар тахал өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өөр нэг өөдрөг мэдээлэл гэвэл ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн (ФМБА) ахлах халдвар судлаач доктор В.Никифоров ““Омикрон омог гарч ирсэн нь энэ аймшигт цар тахал дуусах талдаа орсны эхний дохио байж магадгүй гэж бодож байна. Энэхүү шинэ омог нь коронавирус суларч эхэлсний анхны дохио” гэжээ.
Мөн ОХУ-ын эрдэмтэн вирус судлаач, профессор Анатолий Альтштейн бас үүнтэй төстэй мэдээлэл хийв. Тэрбээр “Омикрон хувилбарын халдвар нь цар тахлыг дуусгаж магадгүй” гэв.
Харин Их Британийн судлаачид коронавирус 2026 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамагийг судалгаан дээрээ үндэслэн гаргаад байна.
Тэгвэл өчигдөр ХБНГУ-ын Эрүүл Мэндийн сайд Карл Лаутербах “Ойрын ирээдүйд буюу дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн коронавируст цар тахлыг бүрэн ялж чадахгүй. Бид бодитой байх хэрэгтэй” гэв. Тэрбээр мөн “Вакцинжуулалт бол хүн бүрийн “хувийн асуудал” огт биш гэдгийг тодотгов.
ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч ТОХИОЛДОЖ БОЛНО “ВИРУС Х”
Өнгөрөгч аравдугаар сарын эхээр Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фу “Удахгүй дэлхийд шинэ өвчин болох "Вирус X" гарч ирнэ” гэж мэдэгдэв. Мөн үүнд бэлтгэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагааны зарчмуудыг санал болгосон тухай Sputnik News мэдээлж байв.
Шинжлэх ухаан, технологийн нийгэмд гүйцэтгэх үүрэг олон улсын форумд оролцохдоо тэрээр энэ тухай хэлсэн юм.
Ирээдүйд дэлхий ертөнц "Virus X" нэртэй ямар нэгэн халдвартай тулгарах нь гарцаагүй бөгөөд энэ нь ямар шинж чанартай байх нь одоогоор тодорхойгүй.
"Шинэ вирус хэзээ ч, хаана ч тохиолдож болно" гэж Гао Фук хэлж болзошгүй вирусын талаар анхааруулж байв.
Г.Хан