Нарны сүүдэр хүн, хүний сүүдэр хүчирхийлэл

2021-12-12
2845
“Нарны сүүдэр” гэж киног телевизүүдээр үнэгүй цацаад байхаар нь үзлээ. Үзэхдээ “Тархийг минь яаж л угаах гэж байгаа бол”, “Ямар далд үнэр, ямар адын санаа цаанаа агуулж байгаа бол” гэж бодож, их хашир үзлээ. Өмнө нь уран сайхны кино нэртэй “үнэгүй хавханд байдаг үзэл сурталын өгөөш”-ийг нэлээд үмхээд үзчихсэн хүний хувьд энэ киног ч бас “Нэг муу нийгмийн сурталчилгаа л биз” гэж бодож үзсэнээ нуухгүй.
 
Гэтэл үзээд машид олзуурхлаа. “Урлаг бол соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй, үүрэггүй” гэсэн олон л маргаан, мэтгэлцээн өрнөдөг. “Нарны сүүдэр” кино хэрвээ урлаг тийм үүрэгтэй гэвэл тэр үүргээ маш сайн биелүүлж чадсан бүтээл болжээ. Нийгмийн маш эмзэг торгон мэдрэмжүүд, хэн нэг мэргэжилтэн, эрдэмтний хэдэн ч удаа давтан яриад хэлж ойлгуулж чадахааргүй тийм чимхлүүр нарийн ойлголтуудыг киноны хэлээр, урлагийн нөөц боломжоор тун тод, чанга хашгиран хэлж чадлаа.
 
“Хүчирхийлэл гэж юу юм бэ?”, “Хүчирхийлэл хүнд бүрт хамаатай шүү” гэж мянга түмэн удаа улигласнаас илүү, ганцхан киногоор дамжуулж бүгдийн ой тойнд үлдэж хоцортол, өөрөө өөрсдийгөө хамаатуулан харьяалан бодтол хадаж өглөө. “Нарны сүүдэр” киног бүтээсэн уран бүтээлчдэд зөвхөн энэ шалтгааны төлөө алга ташъя.
 
👏👏👏
❤
 
“Нарны сүүдэр” киноны нийгэмд өгсөн мессежүүд:
 
1. Энэ киноны хамгийн гоё мессеж нь “Нар сүүдэргүй, харин бид сүүдэртэй” гэх философи юм. Кино зохиолын гол шугам нь ч энэ байсан болов уу гэж санагдсан. Гайхамшигт яруу найрагч О.Дашбалбарын
“Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Амьддаа бие биенээ л хайрла, хүмүүс ээ!”
гэх мөртүүд шиг л сайхан мессеж. “Хүн бүр тэгш эрхтэй, адилхан л шүү дээ. Тиймд нэгнийгээ битгий ялгаварла, битгий санаатай болон санамсаргүй байдлаар хүчирхийл” гэсэн хүн ёсны уриалга киноны кадр бүрээс цухалзаж байлаа.
 
2. Удаах нь хүчирхийлэл ямар олон хэлбэртэйгээр бидний амьдралд оршин байдгийг ямар ч онол, ном, лекц, ухуулгаас илүү ухааруулж байна. Энэ кинонд “Гэр бүлийн, санхүүгийн, ажлын байрны, үзэл бодлын, ялгаварлан гадуурхах үзлийн, сошиал орчны, бэлгийн” гээд бүх төрлийн хүчирхийллийг багтааж чадсан нь гайхалтай. “Чи ингэх ёстой, тэгэх ёстой” гэсэн тулгалт бүр цаанаа өөрөөрөө байх орон зайг хүнээс булааж, хүнийг хэрхэн эмтэлж эвдэлж, үр дагавар нь ямар хор хөнөөлтэй тусч болохыг хүүрнэж өглөө.
 
3. Жүжигчин Г.Нарансолонгийн бүтээсэн эхийн дүр бол үнэндээ л манай монгол эхчүүдийн нийтлэг төрх. Цаашлаад монголчуудын байгаа байдал. Энд их олон нийгмийн асуудлыг хөөрхөн “чимхсэн” нь ёстой лаг санагдсан. Эцэг эхчүүд эрэгтэй хүүхдээ төдийлөн тоодоггүй, “Эр хүн юм чинь учраа олно, харин муу охиноо л нэг эрдэм ном хөөлгөхгүй болохгүй” гэсэн бодлын тэнд дараастай явдгийг аятайхаан харуулчих жишээтэй. “Алаг үрсдээ алаггүй хандаарай” гэдгийг ухаалгаар хэлж байна. Түүнээс гадна эцэг эхчүүд санамсаргүйгээр хэрхэн хүчирхийлэгч болж байдгийг тодорхой дүрслэн үзүүлэв. “Хүчирхийлж байгаагаа хайрлаж байна гэж эндүүрч байх вий” гэсэн асуултыг энэ киног үзсэн эцэг эх бүр өөртөө тавьсан байх ёстой. Энэ чинь л урлагаар “ярилцах”-ын ач тус. Юу ч тулгаагүй, гэхдээ ямар ч буу тулгаснаас илүү хүчтэй.
 
4. Энэ кинонд гялалзсан хоёр диалоги бий. Нэг нь эхэд өгч буй сэтгэлзүйчийн зөвлөгөө. Энгийн хэрнээ ямар ч эцэг эхийн сэтгэлд шивсэн үгс. “Хүүхэдтэйгээ ярилц. Охиноо эмч болгох нь таны л хүсэл мөрөөдөл. Харин охины чинь хүсэл мөрөөдөл мөн гэж үү”. Нөгөөх нь охин, багш хоёрын харилцан яриа. Утга нь “Нар жаргадаг ч маргааш нь дахиад л манддаг. Сүүдэр рүү биш, нар руу хар”. Үнэн шүү дээ. Цөхөрч, сөхрөхийн цагтаа сүүдрийг биш, нарыг хар. Гэрэл гэгээнд итгэ. Сүүдэр харж зогсоо нэгэнд нарыг зааж өгөх гэдэг л бидний нэг нэгэндээ өгч чадах хамгийн том бэлэг байж мэднэ.
 
5. Эцэст нь хэлэхэд, “Нарны сүүдэр” кино нийгмийн маш сайн төсөл болж чаджээ. Хүчирхийллийн эсрэг дуугарч болох хамгийн тод, хамгийн ухаалаг дуу хоолой болсон байна. Өмнө нь Монголд энэ чиглэлд хийсэн олон аян, хөтөлбөр нийгмийн аянуудын аль нь ч өдгөө мартагдсан. Тухайн үедээ магадгүй үр дүнгээ өгсөн л байх. Гэхдээ л уран сайхны кино, урлагийн хэлээр хэлж үлдээснээс илүүгээр тогтож үлдсэн нь үгүй. 1988 онд “Амьдралын нахиа”, 2013 онд “Ларьдма”, 2014 онд “Анирлагч, 2019 онд “Солонго үүл” зэрэг кинонууд л бидэнд хүчирхийллийн тухай хамгийн тод дүрслэл болон үлджээ. Тэгвэл “Нарны сүүдэр” кино бидэнд ямар чухал үгийг зүрх, тархи хоёрт хашгиран хэлэв ээ!
 
Киноны зохиолыг бичсэн Энхболдбаатар Даваадорж, киноны ерөнхий найруулагч Отгонсүрэн Дэмбэрэл, туслах найруулагч, жүжигчин Han Undur Luwsandash, жүжигчин Amgaa Hero, жүжигчин Tumuruu Tramp нартаа халуун баяр хүргэе. 👍👍👍
 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.