ЭРХ БАРИГЧ НАМ
МАН-ын 30 дугаар Их хурал хоёр өдөр үргэлжлэв
Эрх баригч МАН-ын 30 дахь их хурал Даваа гарагт /2021.12.06/ хуралдлаа. Их хуралд 1245 төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд байв. Хурлаар есөн асуудал хэлэлцэнэ. Намын даргын улс төрийн илтгэл, намын ерөнхий хорооны тайлан илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын тайлан, Намын хөгжил дэвшлийг манлайлах нам гэсэн илтгэлийг сонссон юм. Мөн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар тэр эрх баригч улс төрийн хүчний даргаар сонгогдлоо.
Их хурал намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнд намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, хэрэв шүүхээр энэ нь нотлогдвол төрийн албанд ажиллах эрхийг нь хасах зохицуулалтыг хийлээ.
Дашрамд дурдахад тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны эцэст МАН-ын тоо 201267 болж нэмэгджээ.
МАН Бага хурал болон Удирдах Зөвлөлийн гишүүдээ шинэчлэн батлав
Хоёр өдөр хуралдсан МАН-ын Их Хурал Д.Амарбаясгаланг дөрөв дэхь удаагаа намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улируулан сонгосон бол мөн Бага хурлынхаа гиишүүдийг шинэчлэн батлав.
Их хурлаас сонгогдсон Бага хурал үргэлжлүүлэн хуралдаж МАН-ын Удирдах зөвлөлийг 36 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Энэ удаагийн Удирдах зөвлөлөөс М.Энхболд болон Сү.Батболд нар хасагдаж харин МАХН-ын угшилтай 7 хүн шинээр орж ирсэн байна.
"Авлигачдыг төрд ажиллуулахгүй"
Улирч буй долоо хоногт шил шилээ харсан үндэсний хэмжээний хэд хэдэн чуулган болсны нэг нь Авлигын эсрэг үндэсний чуулган байв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэхдээ авлигын эсрэг хуулийг чангатгаж, авлигын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллах эрхийг бүрмөсөн хасна гэдгийг онцолсон юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.
Энэ хүрээнд 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг зарласан юм. Харин үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулж, Ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлэсний дараа зарлахаар төлөвлөж байна.
Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангах юм.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.
УЛСЫН ИХ ХУРАЛ
Гурван хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийв
Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Тодруулбал, Цахим засаглалын суурь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Өн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төр УЦС-ын асуудалд төмөр нүүрээ үзүүлэх ёстой
УИХ-ын нэгдсэн чуулган Баасан гарагт Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсов.
Байгаль орчны сайд Н.Уртнасангийн танилцуулснаар Манай улс ОХУ-аас импортоор авч буй эрчим хүчний хэрэглээнд 2020 онд 64.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гаднаас авч байгаа эрчим хүчний 70 хувийг Баруун бүсийн аймгууд хэрэглэдэг. Импортоор авч буй эрчим хүчний үнэ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төлөвлөж буй үнээс 5-6 дахин өндөр үнэтэй байгаа аж.
Түүнчлэн УИХ-ын Х.Болорчулуун: Ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ 90 мегаваттын цахилгаан станцын өртөг 270 сая ам.доллар. Нүүрснийхээс гурав дахин үнэтэй байна. 19 жилд өртгөө нөхнө гэж байна. Энэ бол бизнес биш. Дээрх 19 жил нь цаашлаад 30 жил болох юм уу? Хөршүүдийн тусламж нэрээр зээл өгдөг бизнес заримдаа хэрээс хэтэрч байна гэдгийг анхааруулсан юм.
Харин Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангана. Төр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Сумын Иргэдийн хурал дураараа шийдвэр гаргах эрх байхгүйг гэдгийг хатуу сануулна билээ.
Г.Учрал