Их Британид коронавирусний “омикрон” хувилбар 12 дугаар сарын дунд гэхэд давамгайлж, вирусний тархалт одоогийн түвшинд хэвээр байвал оны эцэс гэхэд уг хувилбарын тохиолдол нэг сая орчимд хүрч болзошгүй талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
"Тооцооллоос харахад “омикрон” хувилбарын тархалт одоогийн хурдцаар үргэлжилбэл 12 дугаар сарын эцэс гэхэд Их Британид уг хувилбарын 1 сая гаруй тохиолдол илэрнэ" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Их Британид дархлаажуулалтад хэрэглэж байгаа Америкийн “Pfizer”, Германы “BioNTech”, мөн Швед-Их Британийн “AstraZeneca” компанийн вакцинууд нь “дельта” хувилбартай харьцуулахад “омикрон”-оос “хамгаалах түвшин нь хамаагүй бага байгаа нь” уг хувилбартай тэмцэх ажлыг хүндрүүлж байгааг мөн дурдсан байна.
Үүний зэрэгцээ тус улсын Эрүүл мэндийн яамны удирдлагууд коронавирусний вакцины нэмэлт тун нь вакцины нөлөөг "ихээхэн нэмэгдүүлж", өвчтөнүүдийг халдвараас 70-75 хувийн магадлалтайгаар хамгаалж байгааг онцолжээ.
Одоогийн байдлаар Их Британид “омикрон” хувилбарын 1265 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид пүрэв гарагт мэдээлэл хийхдээ, энэ тоо бодит байдал дээр 10 мянгад хүрсэн байж болзошгүйг үгүйсгээгүй байна.
Эх сурвалж: Montsame.mn
“Омикрон” хувилбар тархсантай холбоотойгоор Их Британийн Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгасан билээ.