Ц.МЯГМАРБАЯР
-Оюу толгойн гүний уурхайн төсөл дээр хэдэн оноос ажиллаж байна. Ямар төслийг нь хариуцаж ажилладаг вэ?
-Би багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ хорь гаруй жил ажилласан. 2019 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж хоёр жил суралцаад боловсролын манлайлал, менежмент чиглэлээр магистр хамгаалсан. Австралиас ирэх үед "Оюутолгой" компани ажлын байр зарласан байсан. Цахимаар өргөдлөө өгч ярилцлагад орсноор гүний уурхайн IT багийн нэг гишүүн нь болж ажиллаж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийн хоорондох уялдаа холбоог хангаж нэгтгэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг төслийн ажилтан.
-Оюутолгойд хэрэгждэг төслүүдийг хооронд нь хялбаршуулах, хөнгөвчлөх ажлыг хийдэг гэсэн үг үү?
-Компанийн үнэт зүйл болсон ажилчдын амь насыг хамгаалах аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор сүүлийн үеийн техник технологи, дэвшлийг төсөл болгон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа. Тухайлбал, уурхайд ажиллаж буй том оврын машины ойр орчимд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад үзэгдэх орчинг камер, холбооны хэрэгслээр хангах зэргээр аль болох хамгийн аюулгүй байдлыг бий болгох зорилготой төслүүд. Жишээлбэл, олон зуун километрийн доор ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж удирддаг гэсэн үг. Хүний хэмжээнээс хэд дахин том машин механизмийг жолоодож байгаа хүнд ойрхон ямар нэгэн аюул байгаа эсэхийг хэдэн метрт ч байна олж мэдрээд мэдээлэл өгдөг төхөөрөмж ч юм уу эсвэл ойр орчимд ажиллаж байгаа уурхайчин гэнэтийн осолд өртлөө гэж бодоход аль болохоор хамгийн түрүүн яаж хурдан олох вэ, байршлыг яаж илрүүлэх үү гэх мэт сонирхолтой бөгөөд хариуцлагатай төслүүдийг хянадаг. Өөрөөр хэлбэл, ажлын байрнаасаа уурхай дахь үйлдвэрлэл, технологийг ашиглана хянадаг гэсэн үг.
-Энэ том компанийн маш хариуцлагатай , хүний амь нас хариуцсан төслийн ажилтан болно гэж амьдралдаа төсөөлж байгаагүй байх. Энэ мэдрэмжээ хуваалцаач?
-Би хоёр жилийн өмнө хөдөөгийн нэг сургуулийн англи хэлний багш байсан хүн. Хүүхдүүдэд хичээлээ заачихаад л явж байдаг жирийн л нэгэн байлаа. Гэтэл өнөөдөр боловсрол, соён гэгээрүүлэх салбараас тэс өөр уул уурхайн тэр дундаа Монголын эдийн засгийн гол түүчээ болсон ийм том компанид ажиллаж байна гээд бодохоор зүүд юм шиг л санагддаг. Би өмнө нь 20 гаруй жил багшлахдаа хүмүүсийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө ийм шинэ технологиудын төслүүд хэрэгждэг тухай сонсч байгаагүй. Хэрэв одоо багшилж байсан бол сонсох нь битгий хэл сонирхохгүй байсан байх. Тэгэхээр л харамсмаар санагддаг. Хүн хэлтэй бол хөлтэй гэж англи хэлний багшийн мэргэжил маань л миний нүдийг нээсэн. Өнөөдөр би мэдлэг боловсрол өндөр залуучуудтай мөр зэрэгцэн ажиллах болсондоо өөрөөрөө бахархдаг.
Өдөр бүр энэ ажилдаа дадаж ажлаа сайн хийхийг хичээгээд л явна. “Оюутолгой” Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх шинэ технологит уул уурхайн том үйлдвэрлэл шүү дээ. Тэгэхээр мэдээж улсын хөгжил, нийгмийн хөгжил, хувь хүний хөгжил асар их хөрөнгө оруулж байна. Өөрөөрөө жишээ авахад би анх бага ангийн багшаар ажиллаж байв. Гэтэл манай сургуульд гадаад хэлний хоёр багшийн орон тоотой гэх боловч англи хэлний багш байхгүй байсан. Тэгээд би англи хэл заах боллоо. Миний хувьд хэлээ сайжруулах хөгжих боломж муу байсан. Харин тэр үед Сэлэнгэ аймагт маань Энх тайваны корпусын шугамаар гадаад мэргэжилтнүүд ажилладаг байсан нь завшаантай зүйл болж хөгжих боломж олдсон. Ингээд 2016 он хүртэл багшилж байгаад 2019 онд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч суралцсан юм. Энэ л хувь хүний хөгжил шүү дээ. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймагтаа очиж ажиллахаар төлөвлөсөн байсан ч Оюутолгойн ажлын байрны зарыг хараад өөрийгөө сориод үзье гэж бодсон. Гэтэл өргөдлийн дагуу хэд хэдэн удаагийн ярилцлагад орж тэнцсэн дээ. Ингээд Австралиас ирэх гэтэл цар тахал гээд нислэг гацчихсан байж байтал “Оюутолгой”-д тэнцсэн гээд шууд компанийн онгоцоор гэр бүлээрээ Монголдоо ирсэн. Энэ бол манай гэр бүлийн хувьд маш гоё мэдрэмж байсан.
-Ер нь хүн өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зүтгэж чадвал төсөөлж байгаагүй үр дүн ирдэг байх нь?
-Тийм шүү. Би хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүн шүү дээ. Хэлнийхээ хүчээр л өдий зэрэгт хүрч хэд хэдэн улсад сурч амьдрах боломж олдсон.
-“Оюутолгой”-г хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авна гэж бодож байсан уу. Тантай ижил хэр олон хүн ажилладаг вэ?
-Би өмнө нь Сэлэнгэд ажиллаж амьдарч байхдаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгээ мэдэрдэггүй байсан. Гэтэл ажилд орсны дараахан компанийн хүний нөөцийн тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудал хариуцсан мэргэжилтэн над руу холбогдож та группт хамрагдаж улсаас тэтгэмж авах ёстой хүн байна гээд бүх зааврыг тайлбарлаж өгсөн. Тэгээд компанийн зүгээс бүх холбогдох бичиг баримтыг бүрдүүлж группт хамруулж өгсөнд маш их баяртай байгаа. Сэлэнгэд ажиллаж байхдаа нэг удаа групп тогтоолгохоор хөөцөлдсөн боловч ажил хийдэг учраас хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзэхгүй гээд орж чадаагүй юм. Гэтэл ажил хийдэг бол болдоггүй гээд буруу ойлголттой яваад байсан байна лээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт “Оюутолгой” компани өндөр ач холбогдол өгдөг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн ялгаатай олон хүн ажиллаж байгааг өнөөдөр л мэдэж байна. Би өмнө нь ийм том компанид тусгай хэрэгцээтэй хүмүүсийг бараг ажиллуулдаггүй байх гэж бодож байсан. Миний мэдэх сургууль, эмнэлгийн байгууллагад ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах нь ховор. Ер нь ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү. Ихэнх нь хувиараа ажиллаж байгаа харагддаг. Гэтэл манай компанид надтай хамт ажилладаг тэргэнцэртэй эмэгтэй захиргааны туслах ажилтан хийдэг. Ажиллах нөхцөл нь бусад хүмүүстэй адилхан бүх нөхцөл бололцоогоор хангагдчихсан. Бусдаас ялгарах юм ер байхгүй. Энэ нь надад маш гоё санагддаг. Хэн ч түүнийг ялгаварлаж харахгүй. Бусадтай мөр зэрэгцэж нэг баг хамт олон болоод л ажлаа хийгээд явж байна. Тэгэхээр “Оюутолгой”-н ажилчдын хандлага маш эерэг. Энэ хөгжлийн бэрхшээлтэй юм шүү гээд өрөвдөх ч юм уу эсвэл дорд үзэх, энэ ажлыг хийж чадахгүй байх болов уу гэж голдоггүй. Яг л хүн ёсоор хандаж харьцаж байгаа нь сайхан санагддаг. Зарим хүмүүс ийм байж ингэж явж байна гэх ч юм уу нэг тиймэрхүү өнгө аяс анзаарагддаг. Манай компанид тийм зүйл ер ажиглагддаггүй.
-Таны ажиллах орчин ямар тохижилттой вэ?
-Би Шангрила оффисст суудаг. Барилга байгууламж нь олон улсын стандарт хэм хэмжээг баримталдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд ажилдаа ирж очих бэрхшээл байхгүй. Өглөө нөхөр маань ажил дээр хүргэж өгнө. Цахилгаан шатаар явчихдаг болохоор асуудалгүй. Харин урсдаг шатаар явж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй хүнд зориулагдсан лифттэйгээс гадна явах замуудынх нь амалгаанууд нь саадгүй бүх ая тухтай зүйлээр хангасан байдаг.
- Хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцлийг сайн хангасан байдаг. Та Австралид сурж байхдаа энэ эрхээ бүрэн эдэлж байсан уу?
-Орчин үнэхээр гоё. Монголд байхдаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ерөөсөө боддоггүй байсан. Байдаг л зүйл гэж боддог байлаа. Гэтэл Австралид очоод алмайрсан. Намайг онгоцны буудлаас тосож аваад л халамжилж үйлчилж эхэлсэн. Манай сургууль маш том яваад барагддаггүй. Нэг сургуулиас нөгөө сургуулийн байр хүртэл нэлээн хол. Хөл сайтай хүн ч ядрахаар зайтай. Тэгвэл тэр хооронд дөрвөн дугуйтай жижигхэн мотортой цахилгаан скүүтер дээр сууж явдаг байсан. Хаанаас хаа хүрэх машрутыг нь тайлбарласан байдаг. Сургуульдаа байх хугацаандаа хэрэглэчихээд явахдаа байранд нь цэнэглэчихээд орхиод явдаг. Сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тайлбарласан явдаг зам, цахилгаан шат бүгд ойлгомжтой байдлаар зохион байгуулсан байсан. Бүх зүйлийг хүний төлөө хийсэн харагддаг. Ялангуяа орой үдшийн цагаар сургуулийн номын санд суухаар болбол хамгаалалтын алба руу утасдаад гэр лүүгээ хүргүүлэх ч юм уу эсвэл ойр автобусны буудалд хүргүүлж болно. Түүнчлэн гэртээ ер нь хаана ч байсан асуудал гарч тусламж дэмжлэг хэрэгтэй болбол гээд яаралтай холбоо барих утасны дугаар өгдөг байх жишээтэй. 24 цагийн хэдийд ч утасдаж тусламж хүсч болдог. Утсан дээр бүх төрлийн аппликэйшн татаж өгнө. Ямар нэгэн газар очих хэрэгтэй болбол газрын зургийг нь явуулчихна. Хэрэв газрын зураг суулгаагүй бол ийшээ залгаарай танд заагаад өгнө гээд бүх гарцыг хэлж өгдөг. Тэнд үнэхээр сайхан байсан. Гэхдээ Монголдоо ирээд нэг их хүндрэл тулгараагүй. Харин цас орохоор л хальтарч унах гээд хэцүү байдаг. Ажилдаа машинаар хүргүүлээд оффисстоо ирээд суучихдаг болохоор асуудал алга л байна. Гэхдээ бусад хүмүүст бэрхшээл бий нь ойлгомжтой.
-Залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ. Хувь хүний хөгжлийн тухайд манлайлах, санаачлага гаргах зүйл бишгүй л бий байх?
-Би өөрийгөө маш сайн хөгжиж байна гэж боддог. Гар хоосноос өөрийгөө голохгүй явсаар тодорхой түвшинд хүрсэндээ өөртөө их баярладаг. Тэгээд ганцаараа хөгжөөд явалгүй бусад хүмүүст нөлөөлөх юмсан гэж боддог болсон. Сэлэнгэд ажиллаж байхдаа Энх тайваны корпусын сайн дурын ажилтнуудтай зуны сургалтад багшилдаг байсан. Ингэж ажиллах явцдаа давхар хөгжөөд, хэлээ болон заах аргаа сайжруулж хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр суралцдаг байв. Тиймээс Сэлэнгэ аймагт хөгжих сонирхолтой багш нарыг нэгтгэе гэж боддог. Өөрийнхөө хөгжсөн түүхийг тэдэнд ярьж өгөөд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлтгэх, тэнцэхийн тулд өөрийнхөө анкет, дэмжлэг хүссэн өргөдлөө хэрхэн бичих тухайд зөвлөх ментор хийх бодолтой байна. Гэхдээ одоо интернэтээс хэрэгтэй мэдээллүүдээ авахад хангалттай, англи хэлийг сурахад ч гэсэн заавал танхимд суугаад багшаар залгаад байх шаардлагагүй болжээ. Гэхдээ л хөдөө үзэж харах мэдээлэл ер нь хомс шүү дээ. Миний ажиллаж байх үед биеэ дааж сурахад хэцүү, сургалтын төв ч байгаагүй. Одоо ковид гээд бүгд зогссон. Интернэтээс л суралцана. Учир нь хэдийгээр би англи хэлтэй ч уул уурхай, инженерүүдийн үг хэллэгийг алхам тутамдаа шинээр суралцах шаардлагатай болж дахин суралцсаар л явна. Хүмүүсийг байгаа байдал нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр ажиллах, хөдөлмөрлөх нөхцлийг нь олгож, дэмжиж, урам өгвөл өөрсдөө цаашаа хөгжөөд л явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал