Парисын сэтгүүлчид эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлдэж, үүнийхээ хүрээнд Францын нийслэлийн захад хоёр зууны турш оршиж буй "Гэр бүл" нэртэй нууц бүлгэм байгаа тухай шуугиант мэдээллийг дэлгэжээ.
"Гэр бүл"-д 3000 орчим хүн байх бөгөөд тэд бүгд хоорондоо цусан төрлийн холбоотой гэнэ. Энэ бүлгэмийг анх Холландын алдарт санваартан Корнелий Янсенийн дагагчид нэгдэн үүсгэсэн аж. "Гэр бүл" бүлгэм 1800-аад оны эхээр үүссэн гэх бөгөөд тухайн үед Ясенийн сургаалийг дагадах хоёр хүн "шинэ хүн төрөлхтний эхлэлийг тавихын тулд хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлэхээр шийдсэн гэнэ.
Анх "Гэр бүл"-ийг холбож байсан шашны бүрэлдэхүүн хэсэг XIX зууны сүүл гэхэд үгүй болж, харин нууцлаг, гадаад ертөнцөөс тасран амьдрах уламжлал хадгалагдан үлдсэн байна. Хэдийгээр бүлгэмийн бүхий л гишүүд найман овгоор нэрлэгдэх хэдий ч бүгд хоорондоо цусан төрлийн холбоотой, мөн өсөж томорсон хүүхдүүд арай холын хамаатан дундаасаа хань ижлээ сонгодог гэнэ.
"Гэр бүл" нь сект, шашны болон нийгмийн хөдөлгөөн биш, яг л бодит байдал дээрээ гэр бүл бөгөөд гэхдээ өөрсдийн гэсэн хатуу дэг жаягтай аж.
Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид энэ бүлгэмийн талаар эртнээс мэдэж байсан, гэхдээ энэ гэр бүлийнхэн эдгээр он жилүүдэд засаг төр оролцохуйц хэрэг тарьж байгаагүй гэнэ. Тэд бүгд сайн дурын үндсэн дээр энд амьдрах бөгөөд гагцхүү нөхөр, эхнэрээ сонгох тал дээр эцэг эхтэйгээ санал нэгдээгүй зэрэг зөрчил гаргавал гэр бүлийн гишүүдийг хөөдөг аж.
Эндэхийн гишүүд ахмад настнуудтайгаа тохиролцсоны үндсэн дээр, мөн харьцангуй бага залуу насандаа гэрлэдэг юм байна. Гэр бүл салах, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, хэрэгсэл ашиглах, түүнчлэн үр хөндөлтийг "Гэр бүл" хүлээн зөвшөөрдөггүй. Тиймдээ ч "Гэр бүл" -ийн гишүүдийн тоо хурдацтай өсдөг юм байна.
Тэдний өмсдөг хувцас нь орчин үеийн загвар дагахгүй ч эртний хэв маягийн гэхээргүй байдаг бол хүүхдүүд нь сургуульд явж, үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэн өсдөг байна. Энэ "Гэр бүл"-ийн гишүүд сүмд очдоггүй, хүүхдүүд нь хэзээ ч бусад айлд зочилдоггүй, бусдыг ч гэртээ урьдаггүй гэнэ.
Энэ бүлгэмийнхэнд хэрэгцээтэй бүхэн нь байдаг, спортын болон амралтын төвүүдтэй бөгөөд энд зөвхөн өөрсдөө л амарч, тоглодог гэнэ.
Г.Бямбасүрэн shuud.mn