“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт анх 11 настайгаасаа боксийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа, Үндэсний шигшээ багийн анхны зургаан тамирчны нэг, өдгөө бизнесийн салбарт хүч үзэж яваа хөдөлмөрч нэгэн тамирчныг онцоллоо. Тэр эрхэм бол Биеийн тамир спортын хорооны тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Боксийн олон улсын хэмжээний мастер Бямбын Түвшинбат юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Анх боксийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байцгаана уу? Намайг Бямбын Түвшинбат гэдэг. Боксын спортоор 11 наснаасаа хичээллэж эхэлсэн. 1998 онд “Алтан бээлий” клубыг үүсгэн байгуулагч ардын багш Д.Банди, М.Мөнхжаргал багш хоёр маань намайг боксын спортод өлгийдөн авч орсон. Боксын спортоор 21 жил хичээллэж байна. 10 жил Монгол улсын аваргаар шалгарч байсан. Тив, дэлхийн олон улсын тэмцээнүүдэд бүгдэд нь оролцож тодорхой хэмжээнд амжилт гаргасан байгаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль авсан байгаа. Гурван хүрэл медаль, нэг мөнгөн медаль авсан амжилттай.
Анх боксын спорт чинь клубийн системтэй байж байгаад Монгол Улс Үндэсний шигшээ багаа байгуулахад анхны одоо зургаан тамирчны нэгд багтаж байлаа. Тэр үед дөчин найман килограммын жинд Б.Отгонбаяр, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ, н.Нандин-Эрдэнэ, би, Б.Чулуунтөмөр гээд зургаа долоохон хүнтэй байгуулагдаж байсан. Бид чинь зорилготой болоод тэмцээн уралдаанд орох бүх зардлыг улсаас гаргадаг болсон. Тэрнээс өмнө бол өөрсдөө зардлаа гаргаад өөрсдөө яв гэдэг байсан шүү дээ. Анхны шигшээ баг ингэж байгуулагдсан байгаа. Шигшээ багийн тамирчид болоод анх гараагаа эхлээд л ёстой үмх хоол ундаа ч хувааж идээд бэлтгэлээ хангаад, тэмцээн уралдаанд оролцоод явсан. Анхны олимпын алтан медалийг бид нар хамтдаа багаараа хүртсэн байгаа. Талийгаач З.Энхзоригийгоо бас дурдахгүй байж чадахгүй нь. Миний найз надтай онжав гэж ярьдаг найз маань хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч гэсэн өнөөдөр бас сэтгэл зүрхэнд минь үргэлж бодогдож явдаг.
-Шигшээ баг байгуулагдсанаар та бүхний амжилтад ч бас өөрчлөлтийг авчирсан байх?
-2007 онд бид нар анх Чикагогийн дэлхийн аваргад оролцоход Чикагогийн дэлхийн аваргаас мөнгөн медаль Э.Бадар-Ууган маань хүртээд, тэгээд бид нар цаашлаад үргэлжлээд олимпын эрхийн төлөө хамтдаа зүтгээд явсаар байгаад манайхаас олимпын эрхийг Э.Бадар-ууган, П.Сэрдамба, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ дөрөв маань аваад, би тухайн үед мултарч байлаа. Тэгээд 2012 онд Лондонгийн олимпт оролцсон байгаа. 2016 онд Бразилийн олимпт багаа ахлаж явж орсон. Ерөнхийдөө гурван олимпын циклийг хүргээд өнөөдрийг хүртэл боксоор тулалдаж бокстой хүмүүжиж тэвчээртэй байдлыг сурсан, дуулгавартай байдлыг сурсан, хүнээс үг авч сурсан. Бас нэг юмныхаа ард гараад өөрөө өөрийгөө ялан дийлж сурна гэдэг бол гайхамшигтай. Тулааны спорт бол эр хүний ноён оргил гэж бодож явдаг. Энэндээ ч бас баяртай байдаг даа.
-Олимп, дэлхийн аваргын тэмцээн дээр шүүлтээс болоод ялагдал хүлээх асуудал ажиглагддаг. Үнэхээр тийм хариуцлагагүй буруу шүүлт явагддаг юм уу?
-Мэдээж хэрэг боксийн шүүлт болбол үеийн үед л яригдсаар ирсэн. Ганцхан би яриад байгаа юм биш. Энэ бол үеийн үед ярьсан. Олон мянган цохилтоос аль нь оноо гэдгийг зөвхөн таван шүүгч л хардаг. Боксийн спортыг хөндлөнгөөс харж байгаа хүмүүс энэ нь илүү байгаад байхад энэ нь яагаад хожоод байгаа юм бэ гэдэг ийм маргаан байдаг. Их гүрний бодлого, ямар орон медаль авч байна. Цаагуураа ийм хөшигний цаана дахь тоглолт гэж заримдаа би бас хэлэх дуртай. Миний хувьд бол одоо дэлхийн аварга, олимп, Ази тивийн аварга гээд яг хариуцлагатай ийм тэмцээнүүдэд аймаар харамсалтай ялагдаж байсан түүхүүд байгаа. Ази тивийн аваргаар яг мөнгөн медалийн төлөө Казакстаны миний жин дээр номер нэг дэлхийн аварга Даниар Ресинов гээд тамирчин байдаг юм. Боксийн спорт Үндэсний спорт нь болчихсон ганц номер нэг урдаа барьж байгаа тамирчинтай нь би Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2015 онд мөнгөн медалийн төлөө тулалдсан. Тэр тулаанд миний бэлтгэл сургууль, форм бүх юм сайхан байсан. Тэгээд хүрэл медаль хүртээд мөнгөн медалийн төлөө казахтай тулалдсан. Ер нь одоо би энийг л энд дээр нухаж хаяна. Дараа нь олимпод оролцох учраас наана л би нухъя гэдэг бодолтой байсан. Тэгээд л ринг дээр гараад тулаан хийсэн. Тэгсэн эхний раундад яг өгөө аваатай тулалдаад хоёр дээр нөгөөдөхийг чинь нэлээн хүнд цохилтоор суллаад, гурав дээр яг миний гарт орсон л доо. Нөгөөдөх чинь бүр амиа тээгээд зугтаагаад. Тэнд тэмцээн үзсэн хүмүүс байх юм бол гэрчилнэ. Сонирхогчдын боксын хувьд ийм том бээлийтэй хүнийг яг хүнд цохилтод оруулаад тоолуулна гэдэг болбол цэвэр ялалт гэсэн үг байхгүй юу. Тэгээд би яг сүүлийн раунд Казахстаны тэр дэлхийн аварга тамирчныг тоолуулсан. Тэр одоо түүхэндээ бараг анх удаа тоглуулсан байх даа. Тоолуулаад л нөгөөх чинь гурван үеийн турш зугтаад л ийм тоглолт гарсан. Би дотроо энэ дээр бол баараа байхгүй тоолуулчихсан. Надаас бол байнга зугтсан. Хэдэн жил зүтгэснийх дэлхийн аваргыг нэг унагалаа, түүхэндээ бас нэг юм хийлээ гэж бодож байсан. Тухайн үед ёстой аймаар итгэлтэй гарч ирсэн. Тэгсэн нөгөө талд гар өргөсөн. Тэгээд л юу болоод байна аа гээд л дотроо шууд за одоо яадаг юм бол оо, эх орондоо гомдох юм уу, хэндээ гомдох юм гээд гарч ирээд сууж байсан. Тэгсэн Казахстаны шигшээ багийн дасгалжуулагч нь өөрөө хүрч ирээд “Уучлаарай...” намайг чинь одоо Түвшинбат биш Бямбаа гээд. “Бямбаа уучлаарай, сая ёстой яалт ч арга байхгүй энэ тэмцээнд Ази тивийн аварга болох юм бол рейтингээрээ олимпт зоо толгойлж явдаг байхгүй юу. Яг ийм юм болчихлоо.” гэсэн. Даниарыг болохоор гарч ирэхэд нь манай нэг дасгалжуулж харсан юм билээ. Гарч ирэнгүүт нь амбаардсан гэж байна лээ. Амбаардаад чи яагаад ингэж байгаа юм гэсэн чинь “Надад Бямбаа бол хамгийн эвгүй боксчин байдаг аа.” гэсэн гээд надад хүмүүс хэлж байсан. Тэгээд би тэр бичлэгийг ютүбээс буцаагаад гаргасан чинь Казакстанууд аймаар зэвүүн, шууд тэрийгээ ютүбээс устгаад ямар ч гэрчгүй болсон. Тэгээд намайг тэр тэмцээнд үзэж байсан Монголын нэг арваад хүн байсан л байх. Тэр хүмүүс л ярина. Бусад нь бол зүгээр ингээд л одоо би өөрөө л ярж байгаа болхоос ингээд нэг түүх унтарч байгаа байхгүй юу.
Бас нэг хийлгүүлсэн нэг тоглолт байдаг юм. Дэлхийн аваргаар яг медалийн өмнөх тоглолт дээр Хятадын бас яг мундаг багийнх нь ахлагчтай, урдаа барьж байгаа бас нэг тамирчинтай тулалдсан байгаа. Надад бол одоо бүр үнэхээр ёстой изи гэдэг шиг, зүгээр хямдхан бялуу гэдэг шиг хөнгөхөн гоё зодоод, зодуулахгүйгээр техник бүх юмаараа илүү байсан. Тэгээд л гарч ирээд зогссон нөгөө талд өргөсөн. Өвөр Монголын шигшээ багийнхан чамайг яаж байгаа юм бэ гээд л, яах вэ дээ тухайн үедээ хэдэн яриа болоод л өнгөрч байгаа юм. Тэгэхдээ хохирч байгаа, үлдэж байгаа хүн нь би өөрөө. Дэлхийн аваргын медальгүй, олимпын эрхгүй. Яг ийм харамсалтай зүйлүүд хоёрхон жишээ л хэлж байна л даа. Энэнээс бол бусад газруудад зөндөө ийм болж байгаа. Ганцхан манай Монголд гэлтгүй Африкийн орнуудын сайн боксчид ч бай, бас эдийн засаг нь хөгжөөгүй ийм боксчид ингээд л мундаг орнуудтай гараад л ирэнгүүт ялсан ч гэсэн нөгөө талдаа өгчихдөг ийм. Илт давуу л ялах ёстой.
-Одоо бол гэр бүлээрээ бизнес хийж байгаа гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Миний аавыг Ишжамцын Бямба гэдэг. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн аав минь юманд ул суурьтай хандаж, эр хүн ямар байх ёстой гэдэг зүйлийг ааваасаа сурч өссөн. Манай ээжийг Самдангийн Яшил гэдэг. Одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж маань манай хоёр хүүхдийг харна. Ээжийнхээ хоолноос гараагүй гэдэг шиг гал тогоог ээж маань авч явдаг. Ээж маань одоо 73 настай байгаа. Хөгшрөөд ирэхээрээ бас л нэг хүүхэд чинь болчихдог юм байна лээ. Ээжийгээ, хоёр хүүхэдтэй ингээд гурван хүүхэдтэй л амьдардаг даа. Манай гэр бүлийн хүнийг Цолмон гэдэг. Бид хоёр багаасаа, арван жилээ төгсөөд л үерхэж эхэлсэн байгаа.
Шигшээ багийн тамирчнаа болиод одоо яах вэ, юу хийх вэ гэж бодож эхэлсэн. Энэ хугацаанд би гэр бүлийнхээ хүнтэй Энхтайваны гүүрний Наран плазагийн Нью-Иорк болон Тай гээд хоёр рестораныг түрээсэлж ажиллах саналын ирсний дагуу түрээсэлсэн. Түрээслэхийн тулд би байр, машин, гарааш өөрт байгаа олсон бүх юмнуудаа дэнчин тавиад эхэлсэн. Хэрвээ би ашиггүй ажиллах юм бол өнөөдрийг хүртэл цуглуулсан бүх юмаа алдах том дэнчин тавьсан байгаа юм. Тэгсэн ч гэсэн зориг гаргаад 2019 онд Наран плазагийн Нью-Иорк болон Тай рестораныг түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед манай салбар гучаад хүнтэй байсан.
-Өөрийн гараар ресторанаа барьж, тохижуулдаг гэж сонссон. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-2020 оны 4 сарын 1-нд Мишээл экспогийн Волкинг стрейтийн Нью-Иорк стрейт гээд рестораныг нээсэн. Мишээлийн гудамжны бүх ресторануудыг бид нар өөрсдөө барьсан байгаа. Миний хувьд тамирчин байх хугацаагаа дуусгаад энэ рестораны ажлын санал орж ирэнгүүт шууд үргэлжлүүлээд л энд барилгын ажилтан болоод барилгачин болсон байгаа. Давхар бас манай рестораны урдах тайзыг хажуу талынхаа ресторантайгаа хамтраад хийсэн.
Яг ресторанаа бариад л за одоо л ёстой жинхэнэ ажиллаад өгье гэсэн чинь цар тахал гарчихсан. Энийг бид нар тооцоолоогүй. Өө юун цар тахал вэ, за ингээд больчих байлгүй дээ гээд бүхэл бүтэн хоёр жилийн хугацааг үдэж. Энэ хугацаанд ажлын байраа хадгалж явах гэж их хичээсэн. Нэг хэсэг хааж цагийн хязгаарлалт хийсэн. Бид нар дөрвөн цаг хүртэл ажилладаг байхад борлуулалт нэг өөр. Одоо болбол бид нарыг арван хоёр цаг хүртэл болгосон байгаа. Тэгээд арван хоёр цаг, нэг минут гээд тэгэх юм бол Монгол Улсын хууль тогтоомж, Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу торгуулна. Таван саяар торгуулна.
-Үнэхээр зоригтой шийдвэр гаргажээ. Дуртай спортоо орхиод бизнест хөл тавихаар шийдэж. Энэ шийдвэрээсээ эргэлзсэн удаа бий юу?
-Манайх далаас наян ажилтантай байгаа. Энэ наян ажилтны нэг хүний ард гурван хүн гэдэг чинь хоёр зуун дөчин хүнийг нуруун дээрээ үүрч явж байгаа. Тиймээс надад ухрах зам байхгүй. Бараа материалын өрөнд орсон ч бай, татварын өрөнд орсон ч бай, түрээсийн өрөнд орсон ч хамаа байхгүй. Энэ ажилчдыгаа хамгийн түрүүнд цалинтай байлгах. Энэ болбол одоо манай компанийн бас тэргүүн зорилго. Энийгээ ч гэсэн саяын энэ цар тархлын жил гарны хугацаанд амжилттай биелүүлсэн. Хэдийгээр хүн орж ирэхгүй хэцүү байгаад байсан ч гэсэн за цалингаа л тавьчихъя, зээл аваад тавьчихъя гээд л ингээд явсныг маань манай ажилчид маань бас мэдэж байгаа байх аа. Нэг сэтгэлтэй байж нэг хамт олон болоод явж байгаадаа маш их баяртай байна аа.
-Боксийн спортоор хичээллэж байгаа тамирчид олон бий. Гэтэл хүн бүр дэлхийн томоохон наадмаас медаль хүртэж чадахгүй байна шүү дээ?
-Залуу нас, бүх зүйлээ зориулаад ингээд тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй тэмүүлээд зориод байдаг тэр олон хүмүүс дундаас ганц хоёрхон хүн л дэлхийн, олимпын медаль авдаг. Тэр хүн амьдралын баталгаатай болдог. Бусад тамирчид яаж байгаа вэ? 300 тамирчдаас нэгхэн хүн л амжилтад хүрнэ. Тэр үлдсэн 299 тамирчин хаачих вэ, тэр хүмүүс бүгд гараад хамгаалагч хийх үү? Ерөнхийдөө бодит түүх гэвэл сэтгэл санаагаар унана. Жоохон уудаг болно. Дэлхийгээр аялж зодолдож ч юм уу, барилдаж ингэж явсан хүмүүс эргээд энгийн амьдралтай болоод ирэнгүүт яах вэ. Тамирчин хүнийг спортоо болиод дараа нь дахин амьдрал байгаа шүү. Тэр хугацаанд яаж амьдрах, хэрхэн яаж амьдрах вэ, дасгалжуулагч хийх үү, тамирчин хийх үү гэдгээ давхар юмаа боддог байгаасай гэж би бас дотроо боддог.
-Тэр 299 тамирчны нэг болохгүйн тулд таны бодлоор яах ёстой вэ?
-Би өөрөө бүх юман дээр ингэж ялагдаж үзсэн. Бүх зовлонгуудыг нь мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд хүн яг энэ мөчид л яг өөрийнхөө, яг өөрт олдож байгаа тэр мөчийг хэзээ ч харамсахгүйгээр ашиглаасай гэж хүсэж байна. Чи өөрөө арван хэдэн жил ч бай, хорин жил ч бай, таван жил ч бай юу сурсан тэрийгээ чи тэмцээн дээрээ зуун хувь хийгээд ялагдаж болно. Тэгэхдээ чи тэр тоглолтдоо хэзээ ч харамсахгүй байх ёстой. Дараа нь би ингэдэг байж гэж харамсахгүй байх хэрэгтэй. Чи зүгээр өөрийнхөө юу хийж чаддаг, тэрийгээ зуун хувь гаргаад чи ялагдаж болно, а бас ялж ч болно. Тэгчхээд чи зуун хувь хийчхээд ялагдаж байвал чи бол баатар. Үнэхээр энэ хүнээс гарах чадвар нь энэ байна. Чи өөрийнхөө юмыг зуун хувь хий. Тэгээд л наана нь нервтээд л бэлтгэл лаг байж байгаад ринг дээр гараад хийж чаддаг юмаа хийж чадахгүй байгаад ялагдвал тэр чинь жинхэнэ насаараа өөрийгөө харамсаж, насаараа тэрийг бодох болгонд гутарч явах болчихно.
-Та зодог тайлаад спортоос бүр мөсөн хөндийрсөн үү?
-Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороонд тамирчнаар арван тав дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд гэвэл одоо спорт хороонд дасгалжуулагчийн ажил хийж байгаа. Тамирчидтай хэрхэн яаж тулалдах тал дээр бас алба хаагчдад мэргэжил арга зүйн туслалцаа буюу гарын техникийг яаж заах тал дээр тусалж ажиллаж байгаа.
-Боксийн спортоор 20 гаруй жил хичээллэсэн тамирчны хувьд залуу дүү нартаа хандаж юу гэж захих вэ?
-Дүү нартаа хэлэхэд яг тамирчин хүний амжилт болбол ёстой шүдэнз зураад асахтай адилхан. Дараа нь харамсдаг шүү. Тийм учраас яг өөрт байгаа боломж өөрт байгаа цаг хугацаандаа яг одоо тэрийгээ мэдрээд, яг тэрнийхээ төлөө дотоод, гадаад тэр сахилга бат гэдэг зүйлийг бариад ёстой тултал нь яв. Чиний хэмжээ юу байдаг юм. Тэрийг тултал нь яваад дараа нь харамсах зүйлгүй сайхан амьдар. Гадуур дотуур шоу цэнгээн юу гэдэг юм, уруу татлага, тоглоом наадам тэрийгээ дараа нь хийх хангалттай тийм хугацаа байгаа. Харин тэрнээс наана ёстой бүх юмаа хориод жинхэнэ өөрийгөө вакумжуулаад өөрсдийгөө сориод, өөрсдийгөө хэн гэдгээ мэдрээрэй. Хөгширснийхөө дараа үр хүүхдэдээ ярих зүйлтэй, үүх түүхээ бүтээчихсэн тийм сайхан гоё мэдрэмжийг аваад тэрүүгээрээ бахархаж амьдарна гэдэг бол жаргал шүү.
Бас нэг зүйл нэмээд хэлэхэд анх хэн байсан бэ? Тэрийгээ бүү март. Нэр алдар ч юм уу, эсвэл нэг жоохон амжилт, жоохон мөнгөтэй болоод мөнгөний үнэр харангуутаа өөрчлөгддөг томордог өөрийгөө лаг гээд бодчихсон тийм олон залуучууд, тийм олон найзууд ч бий. Би харж л байдаг. Тэд нар яагаад ингэдэг юм бол оо гэж дотроо бас жаахан өмнөөс нь харамсаж явдаг. Бас гомдож явдаг. Тэгээд би өөрөө тийм болохгүй байх юмсан гэж хичээж өнөөдрийг хүртэл явж байна даа.
Г.Лхагва