Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны эхнэр Кэрри амаржиж охин төрүүлжээ. Энэ охин нь хосын хоёр дахь хүүхэд, мөн Борис Жонсоныг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед төрсөн хоёр дахь хүүхэд нь юм.
Охин 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний пүрэв гарагт Лондонгийн нэгэн эмнэлэгт мэндэлжээ.
"Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа. Хосууд жирэмслэлт, төрөлтийг удирдан чиглүүлсэн NHS-ийн гайхалтай багийнханд бүх анхаарал халамж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна" гэж тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Энэ оны тавдугаар сард хуримаа хийсэн хосууд мөн 2020 оны дөрөвдүгээр сард хүү Уилфредийгээ төрүүлж байв. Үүнээс хойш жил хагасын дараа дахин төрж охинтой болж байгаа нь энэ юм.

Хосууд цэцэрлэгт хүрээлэн дотор
Ерөнхий сайдын эхнэр Кэрри Жонсон 2021 оны долдугаар сард Инстаграм хуудсаараа дамжуулан дараагийн жирэмслэлтээ зарласан бөгөөд үүнээс хэдхэн сарын өмнө зулбасан тухайгаа мөн мэдэгдэж байв.
Борис Жонсоны хувьд шинэ төрсөн охин хамгийн багадаа долоо дахь хүүхэд нь болж байгаа юм байна. Жонсон яг хэдэн хүүхэдтэй вэ гэдгээ хэлэхээс татгалздаг ч 2021 оны есдүгээр сард Америкийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр зургаан хүүхэдтэй гэж мэдэгдсэн юм.
Их Британийн Ерөнхий сайд хоёр дахь эхнэр, хуульч Марина Уилер нар насанд хүрсэн дөрвөн хүүхэд- хоёр охин, хоёр хүүтэй. Хосууд 25 жил ханилсаны эцэст 2020 онд салсан.

Борис Жонсон хоёр дахь эхнэр Марина Уилерийн хамт
Харин 1987-1993 оны хооронд Аллегра Мостин-Оуэнтэй зургаан жил үргэлжилсэн анхны гэрлэлт нь хүүхэдгүй байв.
Жонсон мөн гэр бүлийн гадуурх харилцаанаас бас нэг хүүхэдтэй.
2012 онд 57 настай Борис Жонсон одоогийн эхнэр Кэрри Симондстой танилцжээ. Тэд 2018 оноос болзож эхэлсэн байна. Энэ нь Жонсоны гурав дахь гэрлэлт бөгөөд эхнэр Кэрри нь эдүгээ 33 настай.
Жонсоны одоогийн эхнэр Кэрри Симондс язгууртан угшилтай. Түүний элэнц өвөө Герберт Асквит Ерөнхий сайд байсан бөгөөд тэрээр The Independent сэтгүүлийг үүсгэн байгуулагч Мэттью Симондс болон түүний хамтран зүтгэгч Жозефин МакАфи нарын охин юм.
Кэрри маш сайн боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрээр жилд 20 мянган фунт стерлингийн төлбөртэй Баруун Лондон дахь Годольфин ба Латимер сургуульд сурч байв. Кэрри Уорвикийн их сургуулийг төгссөн бөгөөд урлагийн түүхийн чиглэлээр суралцжээ.

Борис Жонсон Лондон хотын дарга байхдаа ч, Гадаад харилцааны сайд байхдаа ч, Ерөнхий сайд болоод ч унадаг дугуйгаар ажилдаа ирж очдог нь хэвээрээ.