Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт, илчлэгийн хуваарилалт” сэдвээр мэдээлэл өглөө.
Зөв, зохистой хооллолт
Хоногт авч байгаа хүнсний илчлэг нь бие махбодын зарцуулсан илчлэгийг нөхөх, зөв зохистой хуваарилахад тусалдаг. Өсвөр насны хүүхдийн хоногт авах нийт илчлэг нь өсөлт бойжилт, сэтгэн бодох чадварт шууд нөлөөтэй. Сүүлийн үед хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдийн таргалалт 25-26 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болжээ. Тиймээс хүүхдийнхээ хүнсэнд анхаарч өдөрт авах уураг, өөх тос, эрдэс бодис тооцоолох, шингэн зүйлийг тогтмол хэрэглэхэд анхаарах шаардлагатай.
Эрүүл хооллолтын үндсэн дүрэм:
- Эрүүл тос хэрэглэх
- Өдөрт 4-5 удаа хооллох
- Хүнсний бүтээгдэхүүний шошго, ашиглаж сурах
- Улирал харгалзан тохирсон хоол хүнсийг хэрэглэх
- Удаан идэх
- Жимс, хүнсний ногоог хоногт 400 грамм хэрэглэх
- Мацаг барих
- Ус уух
Биед шингэн дутахад гарах эрсдэл
Бие махбодод шингэний хэмжээ дутагдсанаар биед гистамины хэмжээ нэмэгдэж харшил үүсэх эрсдэл нэмэгддэг. Мөн бодисын солилцоо удааширч, энергийн солилцоо алдагдсанаар амархан ядрах, өлсөх мэдрэмж төрдөг. Тиймээс өсвөр насны хүүхэд өдөрт 8 аяга ус ууж хэвших нь хүүхдийн өсөлт, эрүүл байх үндсэн шалтгаан болдог.
Өсвөр насны хүүхдийн таргалалтын нэг шалтгаан бол илүүдэл давс
Давс нь эрдэс бодис бөгөөд хүний биеийн шингэний зохистой тэнцвэрийг хангах үүрэгтэй. Гэвч үйлдвэрийн аргаар бэлдэж байгаа хүнсэнд заавал нэмэлт давс хэрэглэдэг. Үүнд хиам, зайдас, бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, самар, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн ордог. Энэхүү бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэснээр биед илүүдэл давс үүсэх, өдөрт авах тэжээллэг хүнсийг хангахгүй байх, таргалах үндсэн нөхцөлийг бий болгодог байна. Хүүхэд давсыг хэтрүүлэн хэрэглэх нь тухайн давсны амтанд дасаж насан туршдаа давс ихтэй хоол, хүнс хэрэглэхэд хүргэдэг.
Давсны илүүдэл хэрэглээг хэрхэн багасгах вэ?
Үүнд:
- Үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн бага хэрэглэх
- Хүүхдэд өгч буй зууш хоолны давсыг багасгах
- Лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Цайндаа давс огт хийхгүй байх
- Хоолыг амтлах амтлагч хэрэглэхийн оронд ногоон сонгино, гоньд, яншуй, сармис, халиар, мангир, жууцай зэргийг түлхүү хэрэглэх
Өөх тосны хэрэглээг хянах
Амьтны гаралтай тосыг хүүхдэд зохих хэмжээгээр хэрэглүүлэх шаардлагатай. Өдөр тутамдаа огт өөхгүй мах хэрэглэхийн оронд бага зэрэг буюу 2-3 хувийн тостой махаар хоол хийж өгөх, тослогтой сүүн мөн адил өөх тосны гаралтай тул 3.2-3.5 хувийн тослогтой сүү хэрэглэх нь зохимжтой. Өөх тосны хэрэглээг бууруулахын тулд малын махны хэрэглээг долоо хоногт нэг удаа тахиа, загасны махаар сольж хэрэглэх, өрөм, сүүг байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдийн илчлэгийн хуваарилалт буюу 1800 илчлэг авах хооллолтын зарчим:
- Өглөөний унд 360 ккал
- Бага үдэд 270 ккал
- Үдийн хоол 630 ккал
- Их үдэд 180 ккал
- Оройн хоол 360 ккал нь өдрийн турш авах зөв зохистой хэрэглээний нийт 1800 иллэгийн хэмжээ юм.