МАН-ын 30 дахь их хурал хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ хурлаар Бага хурлын гишүүдээ сонгосон юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын Бага хурал анхдугаар хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийж буй. Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираах санал гарч, дэмжигджээ.
Тэрээр намын их хурлын үеэр “Нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө улс төрийн намууд анхаарал хандуулж, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд өдөр бүр хяналт тавьж, дүгнэлт гарган ажиллаж байх ёстой юм. МАН дотооддоо төдийгүй гадаад орчиндоо ч олон нийтийн итгэл, найдварыг хүлээж байгаа. МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ олон нийтэд тодотгон зарлаж, үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийт төдийгүй залуучуудад ойлгуулан таниулах нь бидний эрхэм зорилго юм. Энэ эрчээрээ бид Монголдоо төдийгүй дэлхийн бусад улсын хэмжээнд манлайлал үзүүлж, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллана гэдгийг онцолмоор байна” гэж байлаа.