АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим уулзалтаараа Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг хэлэлцлээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, В.Путин НАТО-г дорно зүг тэлэхээс татгалзах, Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх баталгаа шаарджээ. Харин Цагаан ордны зүгээс Украинд довтолбол хатуу арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Ерөнхийлөгч Жо Байден Орос Улс Украинтай залгаа хил дээр цэргийн хүчээ зузаатгаж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлж, зэвсэгт түрэмгийлэл эхэлбэл АНУ болон түүний холбоотнуудын зүгээс эдийн засгийн хориг болон бусад хатуу арга хэмжээ авахыг сануулжээ. Харин Ерөнхийлөгч В.Путины зүгээс Орос улс Украин руу дайрахгүй гэж мэдэгдэж, Киевийг өдөөн хатгалгад буруутгалаа.
Удирдагчид үүний зэрэгцээ Женевт болсон дээд хэмжээний уулзалтын шийдвэрийн хэрэгжилт, кибер аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлууд, тэр дундаа дипломатуудын үйл ажиллагааг хязгаарласан маргаанаа хэрхэх талаар хэлэлцжээ. Ингээд хоёр талд уулзалтын үеэр зөвшилцсөн зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.