Уур амьсгалын өөрчлөлт Монголд дэлхийн дунджаас 3 дахин хурдтай явагдаж буй. Гэхдээ Монголчууд бид яг ч цэвэр хохирогч биш юм. Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох хүлэмжийн хийгээрээ дэлхийд 1-р байранд жагсах төлөвтэй байна.
Хятадаас ч их хүлэмжийн хий
Дэлхийд хүлэмжийн хийгээр Хятад, Америк Улс тэргүүлдэг. Тиймээс тэдэнд НҮБ-ын хурал бүр дээр шахалт үзүүлж, арга хэмжээ ав гэдэг шүү дээ. Харин Монгол Улсыг дэлхий нийтээр нэг их яриад байдаггүй. Үнэхээр л Монгол дэлхийн хүлэмжийн хийн 0.05%-ийг л ялгаруулдаг (дэлхийд 87-р байранд жагсдаг) юм. Гэхдээ 2020 оны байдлаар Монголд нэг хүнд ногдох CO2-ын хэмжээ 27 тн байгаа нь Хятдынхаас 4 дахин их аж. Энэ хэвээрээ яваад байвал бид удахгүй 1-р байранд орох нь.
Бид бол хүлэмжийн хий үйлдвэрлэгч орон
Манай СО2-ын 44% нь тал газрыг уурхай болгох, ойгүйжилт зэргээс болсон бол 30% нь мал аж ахуйгаас үүдэлтэй юм. Одоогоор СО2-ын үйлдвэрлэлээр манай улс дэлхийд 3-т жагсаж буй. 2017 оны нэг хүнд ногдох дэлхийн дундаж СО2 4.8 тн байлаа. Өөрөөр хэлбэл бид дэлхийн дунджаас 5.6 дахин их хүлэмжийн хийг шууд хэрэглэдэггүй ч дэлхийн хаа нэг газар түүнийг хэрэглэх эх үүсвэрийг нь бэлдэж өгдөг гэсэн үг.