МАН-ын 30 Их хурлаа хуралдууллаа. Энэ Их хурлыг өмнөхүүдээс нь өөр нүдээр харах шалтгаан байгаа юу гэвэл байгаа. Эдийн засгийн тусгаар тогтнолын зуун жилийн түүхийг эхлүүлхээр нэрлэж буй томоохон бүтээн байгуулалтууд талаасаа ч тэр, гишүүдийнхээ сахилга хариуцлыгыг чангатгаж гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, бүр намын гишүүнээс нь хасах дүрмийн өөрчлөлт зэргийг нь онцолж олзуурхаж байгаа. Гэхдээ хэрэв ажил хэрэг болж үлдвэл шүү дээ.
Ингэж том ярьчихаад эрээвэр хураавар, эмтэлж хэлтэлсэн ганц хоёр гүйцэтгэлтэйгээр дараагийн сонгуулийг угтвал намынхаа хойтохыг уншуулна гэсэн үг. Одоо ард түмэн энэ намаас хэлснээ хэрэгжүүлэх хариуцлага л хүлээнэ.
Зуун их наядаар үнэлэгдэх зууны бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөнөөс илүү хариуцлага хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа тэр бүтээн байгуулалтуудыг зохион байгуулагчид нь МАН-ын дарга нар байж таарна.
МАН дотооддоо цэвэрлэгээ хийж, авлига албан тушаалын гаршсан хулгайч нараасаа салаагүй цагт Шинэ сэргэлтийн бодлого энэ тэр гэж “дэмийрэх” хэрэг бараг байхгүй. Төрийн дунд, доод шатандаа цүнх баригчдаар дүүрч, дарга нар нь долоогчдоор хүрээлүүлж байгаа одоогийн энэ фронтоороо “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” руу давшилтаа эхлүүлнэ гэвэл хэдэн хүн хөрөнгөжиж, хэсэг хөрөнгө мөнгө үр дүнгүй үрэгдэхээс хэтрэхгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн албыг шударга болгоогүй, эрх ашгийн эрэмбэ нь урвуу хамааралтай болчихсон, аливаа ажлыг ашиг хонжооны нүдээр эхэлж хардаг, аль эсвэл хэн нэг даргын танил тал ах дүү хамаатан саднаар улс төрийн ургийн модыг ургуулж буй цагт Ерөнхий сайдын Шинэ сэргэлт амилж чадахгүй. Энэ бол жирийн хэрнээ хатуу үнэн.
У.Хүрэлсүх нэг удаа намдаа их цэвэрлэгээ хийнэ гэж амалж байсан ч хийгээгүй. МАН-ын шинэ дарга одоогоор яг ингэж ам ангайгаагүй байна. Гэхдээ авлигын ялын бодлогыг чангатгаж, гэмт хэрэг тэр дэндаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, улмаар нотлогдвол намын гишүүнээс нь хасах заалтыг дүрмэндээ оруулж чадлаа. Намаа цэвэрлэх нэг арга боломж нь одоогоор энэ байх.
Угаасаа тэр авлига, албан тушаалын их гарынхан чинь энэ нам дотор л байгаа. Монголчууд ихэнхийг нь нэрлэж чадна. Ерөнхий сайд бол тэднийхээ талаар бүр нарийн мэдээлэл нотолгоотой байгаа нь тодорхой.
“Авлигачид цугларчихаад авлигчдад хариуцлага тооцох тухай ярив” гэсэн цахим орчинд явж буй шоглолыг МАН-ын дарга та лав олж харсан байх. Иргэдэд ингэж л итгэл үнэмшилгүй, тохуурхалтай харагдаж байна гэсэн үг. Энэ бол ерөөсөө МАН дотроо их цэвэрлэгээ хийх ёстой гэсэн л сануулга. Ийм тодорхой өгөгдөл дээр хариуцлага тооцож чадахгүй, ийм хүмүүсээсээ салж чадахгүй бол МАН мянга яриад ч сайхан харагдахгүй.
Өргөн утгаараа Л.Оюун-Эрдэнэ МАН-ын манлайллын байр сууриа шинэ зуунд хадгалъя гэж байгаа бол намдаа их цэвэрлэгээ хийж, олон жил бугшсан хулгайч луйварчдаасаа салах ганцхан л зам бий.
МАН-ын дарга Их хурал дээр хэлсэн үгэндээ “МАН авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой” гэдгийг онцолно билээ. Тэрбээр “намын Их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргуулах үндсэн дөрвөн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай юм” гэдгээ хэлж шийдвэрээ гаргуулж чадлаа.
Намын даргаар жинхэлж бяр хүч нэмсэн Ерөнхий сайдад одоо ажиллах л үлдлээ.
Г.Учрал