Эрх баригч улс төрийн хүчин МАН Их хурлаа хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Их Хурлын 1200 гаруй төлөөлөгч эв санал нэгтэйгээр нэгийнхээ төлөө “нийтийн хүчээр зориглон хөдөлж” намын даргаа 99.72 хувийн саналаар сонголоо. Үгүй ер, ийм өндөр хувийн саналыг энэ цаг үед байтугай өмнөх нийгэмд харж байсан билүү хэмээн бахархах, гайхшрах хоёр зэрэгцэж сууна.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг энэ Их хурлын сценари, явц технологи, хандлага нь бүхэлдээ коммунист арга барилтай байлаа. Төлөөлөгч нарын хэлэх үг байтугай хийх үйлдэл, явдал суудал, яриа хөөрөө нь хүртэл хатуу хайрцаглагдсан, урьдчилан гаргасан замынхаа зургаар л явж байна. Хурлын танхимд нэг үзэл бодол, нэг хандлага, нэг шийдэл байх ёстой гэсэн чимээгүй сануулгатай. Ёстой л дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгээ харуулж байх шиг байна. Зөвхөн коммунист маягийн дэглэлт л ингэж чадна.
Уг нь ном журмаараа бол Их хурлын төлөөлөгчдийг аймаг, сумын анхан шатны байгууллагууд хуралдаж гишүүд нь сонгодог. Харин энэ Их хурлын төлөөлөгчдийг дарга нар нь зүгээр л мал зүсэлж байгаа юм шиг шууд шууд нэрлээд сонгочихсон гэнэ. Дэл сул яриагүй, дээрээс юу гэнэ түүнийг үг дуугүй дагаж хэрэгжүүлэх тийм л хүмүүсээ урин дуудсан гэх яриа ч чих дэлсэнэ билээ. Баян-Өлгийн Баваржингаас эхлээд Л.Оюун-Эрдэнэ даргынхаа 99.7 хувиар сонгогдсонд баярлан бахдахын зэрэгцээ “МАН мандан бадраг” хэмээн уриалагчид цөөн биш байна. Эх орон минь, хөх тэнгэр хөрст дэлхий минь л хэмээн итгэл хүндлэлээ сэтгэлдээ тээж явдаг Монголчуудын маань зарим нэг нь ийнхүү НАМ хэмээх сүсэглэж, сүүдэр шиг бараадаж явах сүмбэр уултай болсон юм шиг байна.
Дарга төвтэй нам төрийн дээр гарч “Номер-1” болсон гэдгийг захын нэг намын гишүүний энэ үгнээс анзаарагдаж байна.
МАН-ын 30-р Их хурал хүний эрхийн асуудлыг ярьж байгаа. Гэтэл төлөөлөгч сонгохоосоо эхлээд хайрцаглагдсан энэ явдал нь өөрөө хүний эрхийг зөрчиж буй наад захын жишээ. Ийнхүү ам ажил хоёр нь зөрж, энэ намд итгэх итгэлийг тэр хэмжээгээр хийсгэв. Тэгээд ч МАН хүний эрхийн асуудал хэлэлцэв гэхээр нэг л итгэл үнэмшил төрж өгөхгүй байгаа юм. Иргэдийнхээ ой тоонд ийм ул мөр үлдээсэн болохоор тэр биз.
Их хурлын нээлттэйгээ зэрэгцүүлэн өөрсдийнхөө хэлмэгдүүлсэн Буурал даргаа цагаатгасан шийдвэрийг шүүхээр гаргуулж ч байх шиг. Үнэхээр цаг хугацаа нь ингээд таарчхав уу. Аль эсвэл Монгол төрийн нэг засаглал болох шүүх эрх мэдэл ингэж намын Их хурлын хөлд “чирэгдэв” үү.
Энэ мэт үйлдэл хандлагаараа МАН төрийн дээр байгаа гэдгээ дахин дахин нотоллоо. Уг нь цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын гол агуулга нь нам төртэй төрөөс эрх зүйт төр рүү шилжих байсан юм.
Г.Учрал