МАН 30 дугаар Их хурлаа хийлээ. Тавьсан зорилгоо үндсэндээ хангав бололтой. Намынхаа Их хурлаас хүч чадлаа мэдэрч, бяр амталж гарсан хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байв. Тэр 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний жинхэнэ дарга болов.
Их хурлын төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар түүнийг сонгож батламжилсны дараа МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна” гэдгийг онцоллоо.
Өөрөөр хэлбэл тэр гарааны шинэ шугам дээр ирээд байна. Ерөнхий сайдын хувьд тэрбээр Их Хурал дээрээ “Шинэ сэргэлтийн болого”-оо тодорхойлсон бөгөөд “Эдийн Засгийн Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно” гэдгээ илэрхийлээд буй.
Ерөнхий сайд эдийн засгийн чиглэлээр хийх ажлаа үндсэндээ тодорхойлчихсон. Харин эрх баригч намын жинхэлсэн дарга, Ерөнхий сайдын хувьд улс төрийн ямар шийдлүүд эхэлж гаргах нь илүүтэй анхаарал татна.
Хоног хугацаа давчуу хойтох ажил их гэдэг шиг энэ их ажлын ард гарахад хүчирхэг баг танхим түүнд хэрэгтэй.
Одоогийн танхмын бүтэц бүрэлдэхүүнээр шинэ зорилтыг шийдэмгий хэрэгжүүлж чадахгүй. Хэрэв одооны зураглалаар харвал Дарханы замаа ярьж, Эрдэнэбүрэнгийн УЦС-аа эргэцээх төдий байсаар бүрэн эрхээ дуусгаж мэднэ.
Тиймээс танхмаа хүчирхэгжүүлж, сайд нараа зангарагжуулах нь номер нэг асуудал нь болж таарна. Үүний тулд давхар дээлтэй сайд нараар танхмаа бөхөлнө. Парламентын танхим мэдээж горилогчдоор дүүрэн байгаа.
Үүний сценари үндсэндээ бэлэн болчихоод байгаа гэх яриа бий. Тодруулбал, АН-ын Г.Адьшаа, Н.Ганибал нар 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн “давхар дээлтэй” холбоотой хэсэг болох 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргаад буй. Ингэснээр МАН-ын Засгийн газар ҮХЦ-ээр дамжуулж УИХ-ын гишүүддээ давхар дээл өмсгөнө гэдгийг Ванга шиг хэлж байгаа олон хүн бий. Мөн танхмынхаа гишүүдийг хоёроор нэмж хүчээ зузаална.
Энэ бол бяр нэмсэн Ерөнхий сайдын улс төрийн эхний шийдлүүд байх болно.
Намынхаа Их хурлаас намын даргын батламжаа авсан Ерөнхий сайд бол эдүгээ намдаа “Хааны ХААН”. 2024 он хүртэл түүний өмнөөс цорхийх зоригтон гарахгүй. Оюун-Эрдэнэтэй үе үе цорволзох гээд байдаг Миеэ-гийн гэх хотын фракци энэ тэр бол одоо хулхи нь буучихсан байгаа. Фракцийн нүүр царай болсон Д.Хаянхярваа нь саяхан хамаг булайгаа дэлгэчихсэн. Энэ явдал олон хүний зүрхэнд шар ус хуруулсан байх.
МАН-ын 30 Их хурал авлигын асуудлыг онцлох шалтгаан байсан. Ерөнхий сайд үнэг чонын ан биш юм гэхэд авлигын хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаа мэдэгдээд буй. Энэ асуудлаа өчигдөр намынхаа Их хурал дээр нэлээд жин бантай ярьж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ хэлж, бүр намын гишүүнээс хасах хүртэл зохицуулалтыг дүрмэндээ оруулахаар болж байх шиг байна. Үүнийг авлига албан тушаалын хэргээр төрийн албан хаагчдыг дуулгавартай байлгах хэрэгсэл гэж харж болохгүй харин нийгэмд шударга ёсыг тогтоож чадвал бүтээн байгуулалтуудтай эн зэрэгцэх том шийдэл гэж харах нь зохимжтой юм.
Авлига алба тушаалын хэргээр барьцаалагдаж мэдэх хүн МАН-д цөөн биш гэдгийг Ерөнхий сайд мэдэж байгаа. Одоо ч баривчилгаа нэгжлэг үргэлжилсээр байгаа. Тиймээс Ерөнхий сайд одоо авлигын талаар авах арга хэмжээ, ялын бодлогыг чангатгах асуудлаа хугацаа алдахгүй зүрх зоригтойгоор барьж авах нь улс төрийн хоёр дахь том шийдэл байх болов уу. У.Хүрэлсүхийн нэгэнтээ хэлж байсан ч хийж чадаагүй намаа цэвэрлэх зорилт уг нь энэ авлига албан тушаалын хэргээр хамт цэгцрээд явчих юм байгаа юм.
Энэ бүхэн Ерөнхий сайдын ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа том бүтээн байгуулалттай эн зэрэгцэх ач холбогдолтой юм.
Г.Тулга