Үдээс өмнө МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ танилцуулсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга энэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэлт оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоод “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна.
Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно” гэлээ. Түүнчлэн тэрбээр МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо өсч байгааг тодотгов. МАН-ын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278.716 хүрчээ. Үүнээс 54.7 хувь нь эмэгтэй, 45.3 хувь нь эрэгтэй, 76.1 хувь залуу болон дунд насны, 23.9 хувь нь ахмад гишүүд байгаа аж.
Хурлын завсарлагаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “МАН цаашдаа илүү дэвшилтэт буюу намын дотоодод байгаа улс төрийн ажил албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйн байдалд ихээхэн анхаарч ажиллана. МАН-ыг засгийн эрхийг барьж байх хугацаанд төрд болон улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал, хүний эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр санал санаачилгатай ажиллахыг шаардаж ажиллана. Нийгэмд хандлагын томоохон өөрчлөлтийг авчрахыг бид зорьж байгаа. Улс төрийн нам дотоод дүрэм, журам, ёс суртахуун, ёс зүй, хариуцлага ярьдаг болж чадсанаараа нийгмийн хандлагыг өөрчлөх суурийг тавина гэж үзэж байгаа. Намынхаа дүрэм, хөтөлбөрт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор хийж өгнө. Уг дүрмийн өөрчлөлтийг маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл МАН-ын дүрмэнд аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтуудыг оруулж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд шууд намын гишүүнээс түдгэлзүүлдэг, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалтууд оруулна.
Дараагийн сонгуульд зөвхөн ялалт байгуулахын төлөө бус нийгэмд тулгамдсан томоохон хүндрэл бэрхшээлийг сууриар нь өөрчлөхийн төлөөх санаачилга, эхлэлийг тавьж байгаа нь их хурлын бас нэг зорилго" гэлээ.