-Bloomberg: Сергей Лавров, Энтони Блинкен нар Стокгольмд уулзах үеэрээ маргалдсан-
Стокгольм хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/-ын Гадаад хэргийн сайд нарын хүрээнд болсон уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын хооронд маргаан болжээ.
Хуралдааны үеэр Украйнд “Оросын түрэмгийлэл” тохиолдоход барууны орнуудын авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэх үеэр энэ маргаан үүсчээ.
Лавров 2014 онд Киевт болсон үйл явдлыг төрийн эргэлт хийсэн явдал гэж нэрлээд НАТО болон Европын холбоо Оросыг эсэргүүцсэн үзэл санааг дэвэргэж байна гэж буруутгажээ.
Үүний хариуд Блинкен НАТО-г “Батлан хамгаалах эвсэл" гэж нэрлэжээ. Түүний хэлснээр, Майданы жагсаалын үеэр Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичид үнэнч хүчнийхэн “тайван жагсагчид руу гал нээж, зуу гаруй хүний аминд хүрсэн” гэж мэдэгджээ.
Лавров, Блинкен нар арванхоёрдугаар сарын 2-нд уулзсан юм. Хэлэлцээний үеэр Орос, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын нөхцөл байдал, Украины зүүн өмнөд нутгийн хямралыг хэвийн болгох, Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх үйл явц зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Лента.ру