Турк улсад энэ жил доллартай харьцах лирийн /үндэсний мөнгөн тэмдэгт/ ханш 45 хувиар унасан ч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ. Сөрөг хүчний удирдагч Кемал Киличдароглу тэргүүтэй олон мянган иргэн Ерөнхийлөгчийг шийдэмгий алхам хийхгүй байгаад нь бухимдан жагсаал зохион байгуулж, огцрохыг шаардаж байна.
Жилийн хугацаанд Туркийн инфляц 21 хувиар өссөн ч Эрдоган инфляц өөрөө буурна гэж үзэж байгаа аж. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Төв банкны гурван ч удирдлагыг сольж, энэ долоо хоногт Сангийн сайдаа суудлаас нь буулгажээ. Гэтэл лирийн ханш унасаар байгаа аж.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан боллоо гэж Эрдоган үзэж, нөхцөл байдлыг тогтворжуулна гэж амлав.
Турк лирийн доллартай харьцах ханш 7,4-өөс 13,9 болтлоо буурсан байна. Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хоногийн дотор 16 хувиар унаж, сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн их хэмжээгээр ханш нь буурсан үзүүлэлт болжээ. Үүнд Төв банкны буруутай шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байна.
Тус улсын сөрөг хүчний удирдагч нар Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, дахин сонгууль зохион байгуулахыг уриалжээ.