11 дүгээр сарын 24-нд шинэ хувилбарын талаар дэлхий дахинд анх мэдээлсэн Өмнөд Африкийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор халдварлах эрсдэлийг “дельта”, “бета”-гийнхтай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.
Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Франческа Роккагийн хувьд “омикрон” хувилбар шинээр үүссэнийг улс орнуудын вакцинжуулалтын түвшин туйлын тэгш бус байгааг харуулсан нотолгоо хэмээн тодорхойлсон байна.
Өмнөд Африкийн эмч нар “омикрон” тархсанаас хойш таваас доош насны хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол эрс нэмэгдэж буй байдал ажиглагдаад байгааг мэдээлсэн ч бага насны хүүхдүүд халдварт илүү өртөмтгий гэж дүгнэхэд эрт байгааг онцолжээ. Тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Вассила Жассатын хэлснээр, таваас доош насны хүүхдүүдийн дундах өвчлөл 60-аас дээш насныхны дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм байна.