“COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
Олон тооны мутацитай шинэ хувилбарын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт саарч болзошгүй байгаа тул улс орнуудын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо гурван сая даваад байгаатай зэрэгцэн АНУ, Австралид “омикрон” хувилбараар дотоодод халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч уг хувилбарын тархалт Европт ойрын саруудад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын тэн хагасыг үүсгэж болзошгүй байна гэж тус байгууллагаас баасан гарагт мэдээлжээ.