ТОЙМ: Цар тахлын дундуурх цагаа олоогүй айлчлал ба Эрээнээс ачаагаа татаж чадахгүй байж далай ашиглах тухай ярив

2021-12-5
1656

 

ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав

Улирч буй долоо хоногийн эхээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов Монгол Улсад айлчлав.

Тэрбээр Мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий коммандлагч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Жанжин штабын даргын энэхүү айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв.

Түүнчлэн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ.

Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв.

УЛСЫН ИХ ХУРАЛ

УИХ-ын  дарга Г.Занданшатар Энэтхэгт айлчилж байна

УИХ-ын  дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021.12.01 эхлэн таван өдрийн хугацаанд Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд ач холбогдолтой гэж хоёр тал үзэж буй.

Мөн хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцах аж.

УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг тус улсад айлчилж байх үеэр Энэхэгт коронавирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор айлчлалын багийнхныг Монголд ирсний дараа 10 хоног тусгаарлахгүй гэсэн мэдээллийг УОК өгөөд байгаа юм. Харин иргэдийн хувьд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд  олон улс орон Омикроны улмаас хилээ хааж байгаа энэ үеэр эрсдэлтэй бүс нутаг руу айлчлал хийж байгааг цагаа олоогүй хэмээн тодотгов.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаан эхлээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахаар санал хураалт явуулахад санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр уг хуулийг эцэслэн баталлаа.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлнэ

Мөн өдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын хуулийг үргэжлүүлэн хэлэлцлээ.   УИХ-ын гишүүн Н.Учрал: Улсын хэмжээнд төрийн онц чухал мэдээллүүдтэй байгууллагыг хариуцах, энэ чиглэлийн халдлагад хариу өгөх зорилгоор үндэсний төв ажиллана. Үндэсний төв нь Тагнуулын байгууллагын дэргэд, даргын удирдлага дор байна.

Харин нийтийн төв бол хувийн болон иргэдийн кибер халдлагатай тэмцэх асуудлыг хариуцна. Нийтийн төв төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллана. Энэ хоёр төвийг даргалж буй дарга нар кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргаар ажиллана. Кибер аюулгүй байдлын төвийг Ерөнхий сайд тэргүүлнэ гэсэн юм.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлал" хэлэлцүүлэг боллоо.

Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал авлаа. "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцов.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Соёлын бүтээлч салбарын хөгжил дэлхий дахинаа хурдацтай явагдаж, улс орнуудын эдийн засагт оруулах хувь нэмэр маш өндрөөр үнэлэгдэж байгаа энэ цаг үед бид төрөөс зөвхөн бодлогоор дэмжинэ гээд зогсохгүй “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг боловсруулж соёлын үйлдвэрлэлийн салбарыг хууль эрх зүйн орчноор дэмжих хэрэгтэй юм” гэв.

Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ) бүрдэв

Монгол Улсын Үндсэн хуульд “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган болж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал:

-Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,

-Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. Энхбилэг нар олонхын санал авч ШЕЗ-ийн  шүүгч гишүүнээр сонгогдсон.

Харин  УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор ШЕЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр  Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг,  Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар томилогдоод байна. 

ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газар коронавирусын  микрон хувилбарын асуудлаар  хуралдав

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гарагт болов.  Хурлаар  Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцсэн.

Хэлэлцсэн асуудлын талаар ЭМ-ийн сайд С.Энхболд:

-Омикрон хувилбар дэлхийд бүртгэгдсэнтэй холбогдуулан манай улсын хувьд одоо мөрдөгдөж буй журам хэвийн хэрэгжиж байна. Хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч байна.

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш 1040 хүн гадаадаас ирж, хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Нэг иргэнээс дельта хувилбар илэрч, нөгөө нь үгүйсгэгдсэн. 18-40 насны бүүстэр тунгийн хамрагдалт сул байгаа учраас идэвхжүүлэлт хийж байна. 74 их, дээд сургууль дээр вакцинжуулалтын цэг ажиллуулж байна. Долоо хоногт 80 мянган хүн бүүстэр тунд хамрагдаж байна”  гэв.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

 -Омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас ирж байгаа дотоодын иргэдээ 10 хоног тусгаарлана. Мөн эдгээр улсаас гаднын иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гарсан. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж буй. Гаднын улс орнууд гэнэтийн шийдвэр гаргаж буй учраас онцын шаардлагагүй бол гадагшаа явахгүй байхыг зөвлөж байна.

ДОЛОО ХОНОГИЙН ТОМИЛГОО

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж  УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж  Х.Хэрлэнг томилохоор болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон юм.

Тэрбээр 1967 онд Хэнтий аймагт төрсөн. 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр, 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн

 Х.Хэрлэн нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй аж. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томилов

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд тус  аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Лхагвадоржийг олонхын саналаар нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тавдугаар хуралдаанаас гаргасныг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг даргаар томилох тухай захирамж гаргажээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.