Иргэн Б нь согтуурсан үедээ 2021 оны зургаадугаар сарын 04- ний өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн нэгэн газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй согтуурхан маргалдаж хутгаар зүүн гуяны дотор талд нь нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлджээ.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цайллаганд оролцоод архи дарс уусан. Талийгаач согтуу байсан. Би ч бас архи уусан байсан. Согтолт их байсан. Айлын баруун хойморт сууж байхад талийгаач намайг орж ирээд цохиод авсан юм. Түүнээс болоод маргалдаад гарсан. Хутга нь бол миний хутга байсан. Тэр хэргийг хийсэндээ гэмшиж байна . Намайг цохиж аваад бид хоёр барилцаж аваад гарсан. Тэгээд гадаа гараад тийм зүйл болсон. Түүнээс хойш санахгүй байгаа юм. Шоконд орсон юм шиг байна лээ. Хутгаа яаснаа санахгүй байгаа юм. Хохиролд 3,000,000 төгрөг өгсөн. Хохирлоо үргэлжлүүлээд төлнө … Гэнэтийн зүйл болсон. Өс хонзон байхгүй. Архинаас л боллоо” гэжээ.
Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “… 1. Талийгаач А.Б-н биед зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал, орчны булчин өөхөн эдийн цусс хуралт, дух, хамар, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөг, баруун зүүн хацар, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал, орчны булчин өөхөн эдийн цусс хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Талийгаач А.Б-н биед учирсан зүүн гуяны дотор дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны артерийн /тараагуур/ судасны хагас тасрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Улмаар шүүхээс шүүгдэгч Б овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоожээ.
Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийджээ.