АТГ-ын шалгасан “Ховдын мафи” гэх эрүүгийн хэрэгт 34 хүн шалгагдаж улмаар 30 шүүгдэгчтэйгээр Баянгол дүүргийн шүүхэд шилжиж бүтэн нэг жилийн хугацаанд шүүх хурал нь хойшилж байгаад 2021.11.15-ны өдөр эхлэн 2021.11.30-ны өдөр гэм буруугийн хурал завсарлалаа. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог, СДЦХ-ийн дэд дарга н.Батзаяа, БНХАУ-ын иргэн Ху Лиан нарын хэргийг тусгаарлаж үлдээсэн байна.
Хэрэгт холбогдсон 30 шүүгдэгч нарыг онцолбол: УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Ж.Үнэнбат, “Белон” ХХК-ийн захирал н.Баатархүү, БОАЖЯ-ны газрын дарга Ч.Батсансар, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга н.Ганболд, СХД-ийн ЦХ-ийн дарга н.Батзаяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга асан н.Баярсайхан, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль хамгаалагч нарын албан тушаалтнууд хууль бусаар ашигт малтмал олборлосон нэр бүхий иргэд, худалдаж авсан ОХУ-ын иргэдийн оролцоотой хэрэг 15 өдөр хуралдаж гэм буруугийн хуралдаан завсарлаж шүүх зөвлөлдөх тасалгаанд шилжлээ.
Шүүх хуралдааны талаар сийрүүлбэл: Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг гэх газарт гянт болдын маш өндөр агууламж бүхий нөөцийг 1957 онд ЗХУ-ын геологийн экспедиц нээсэн байдаг. Цагаан эрэг гэдэг газар нь байгалийн тогтцын хувьд Монгол Алтайн нурууны салбар Мянган угалзтын нуруу аргаль, угалзын төрөлх нутаг юм. Энэ ч утгаараа 2002 онд УИХ-ийн 39 дүгээр тогтоолоор Мянган угалзтын нурууг Байгалийн цогцолбор газар болгон Улсын тусгай хамгаалалтад авч, улмаар 2011 онд өргөтгөж Цагаан эрэг тусгай хамгаалалтад багтсан байдаг. Цагаан эргийг 2010 оноос гянт болдыг нинжа нар ухаж эхэлсэн. Улс төрч, эрх мэдэлтэй хүмүүс нинжа нар мөн Монголын эрүүгийн ертөнцийнхнийг хөдөлгөж Цагаан эргийг талхлуулсан гэлцдэг. 2015 оноос Ховд аймаг тус газрыг нөхөн сэргээхээр тодорхой компаниудыг ажилд сонгон шалгаруулж байжээ. Эхний нөхөн сэргээлтийн ажилд “Ашид алтай майнинг” ХХК-ийг сонгон шалгаруулж оруулсан боловч нөхөн сэргээх биш 13 га газарт гянт болдын өрөмдлөг хийж олборлосноо шүүх хурлын явцад мэдүүлжээ. Нөхөн сэргээлт хийх бус эсрэгээрээ олборлолт явуулсан тус компани нинжа нарт хөөгдсөн мэт ойлголт төрүүлэх оролдлого хийж байсан асуудал шүүх хуралдааны үеэр яригдав. Мөн энэ компанийн ард Увсын фракц байдаг гэсэн яриа оргүй бололтой.
Хоёр дахь сонгон шалгаруулж нөхөн сэргээхээр орж ирсэн компани нь Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эргийн уугуул нутагтаа нэр хүнд бүхий Белоны Баатархүүгийн “Өгөөжтэй өв” ХХК юм. Энэ компани 2016 онд нөхөн сэргээлтийг 13 га газарт 60 хувьтай гүйцэтгэсэн боловч харамсалтай нь өвөл, хавар газар гэсээгүй нөхөн сэргээлт зогссон хойгуур нинжа нар орж уг газрыг дахин сүйтгэж улмаар 2017 онд нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэхээр болж байжээ. Энэ хугацаанд УИХ гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллаж Ховд аймагт хийгдэх бүтээн байгуулалтыг танилцуулах үеэрээ Ховд аймгийн Цэцэг, Алтай сумыг эрчим хүчээр холбох өндөр хүчдэлийн трассыг өөрчилж Цагаан эргээр дайруулан татахаар болсон нь нутгийн иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж Цагаан эрэгт эрчим хүч ойртсоноор Гянт болдыг хууль бусаар олборлох цаашлаад уурхай нээх эхлэлийг тавьсан гэлцдэг.
2017 онд Цагаан эргийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас гаргах судалгааг н.Оюунцэцэг хийж байсан байдаг. Улмаар Цагаан эргийг тусгай хамгаалалтаас гаргах УИХ-ын тогтоолын төсөл Парламентаар хэлэлцэгдэж байсан. Гэхдээ УИХ-аас дэмжлэг авч чадалгүй төсөл унаснаар улс төрчдийн төлөвлөгөө нурсан байдаг.
Шүүх хуралдааны явцад С.Бямбацогт, н.Батзаяа, Д.Галсандондог, Ху Лиан нарыг хуралдаанд оролцуулахыг шүүгдэгч нар нэхэж шүүх шударга хандах ёстой гэсэн уур амьсгал хүчтэй яригдаж байв. Прокурор эдгээр хүмүүсийн хэрэг шалгагдаж байгаа гэдэг хариулт хэлэв.
АТГ 3 жилийн хугацаанд тус хэргийг шалгахдаа шүүгдэгч нарыг дарамталсан, эрүүдэн шүүсэн. Үүнээс болж 3 шүүгдэгч харвасан, 4 шүүгдэгч хорт хавдартай болсон гэх мэт гомдол гарч Прокурорын байгууллага АТГ-т хяналтаа тавьж чадаагүй зэмлэл хүртсэн өдрүүд өнгөрөв.
Шүүх хуралдааны явцад гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт хэлмэгдсэн төрийн албан хаагч олон байгааг өмгөөлөгч нар хүчтэй мэтгэлцээн өрнүүлж прокурорын байгууллагыг ажлаа бүрэн дүүрэн хийж шалгаагүй, хэргийг прокурорт буцааж шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Авилга авсан гэх хэрэгт холбогдсон зарим нэг албан хаагчид үнэхээр хэлмэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хууль бусаар ашигт малтмал олборлох ажил хийсэн гэх туслан гүйцэтгэгч компаниудын захирлууд цагаадаж болохоор байв.
Шүүх бүрэлдэхүүн 12 цаг зөвлөлдөж 13 хүнийг авилга албан тушаал, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгов. Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Цэцэг сумын засаг дарга Д.Цогбадрах, тус аймгийн Засаг дарга асан н.Баярсайхан, Байгаль орчны яамны бүс нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар гэх мэт хүмүүс цагаадав. Цагаадсан хүмүүсийн ихэнх нь улс төрийн зорилгоор шахагдаж, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байх өндөр магадлалтай юм.
Тухайлбал: Г.Пүрэвганди нь аймгийн иргэдийн хуралд гурван удаа сонгогдсон улс төрийн хүчтэй кандитад ирээдүйтэй цаашлаад УИХ-д нэр дэвших С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж гишүүдийн хүчтэй өрсөлдөгч болох нь дамжиггүй.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга Ч.Батсансарыг уг хэрэгт холбогдуулж Увс, Ховдын фракц албан тушаалаас нь мулталж сайд н.Мэндсайханы ойрын хүн болох Ховдын Э.Сансарбаяр гэдэг залууг оронд нь тавьсан байдаг.
Ч.Уранчимэг орлогч мөн аймагт хүчтэй өрсөлддөг улс төрийн идэвхтэй нэгэн тул түүнийг мөн улс төрөөс зайлуулах оролдлого хийсэн нь Ховд аймгийн МАН доторх УИХ-ийн гишүүдийн үгэнд ордоггүй нэгнээ зайлуулах шинэ цус сэлбэх агуулгатай байсан гэмээр.
Аймгийн засаг дарга асан н.Баярсайхан мөн л адил улс төрд хүч нь сулраагүй Ардчилсан намын бодлого зангидаж олон жил сонгогдсон төлөөлөгч байсан хүн. Энэ мэтчилэн хуулийн байгууллагыг улс төрчдийг намнах гэж оролдсон дээрээс шидсэн чулуунд шүүх шударга байлаа гэж ам уралдан нүдэндээ нулимстай цагаадсан олон шүүхийн эргэн тойронд байв.
Шүүхээс Ж.Үнэнбат, н.Баатархүү, С.Чинбат, н.Эрдэнэ-Очир гэх мэт 17 хүнийг шүүх хууль бусаар ашигт малтмал олборлосон, авилга өгсөн, авилга авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.
Г.Учрал