Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Богд банк" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Богд банк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,607 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос нэгдүгээрт банкны засаглал сайжирна. Хоёрдугаарт, банкууд 1,2 хүний нөлөөгөөр ажиллах бус олон хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, ААН иргэдэд илүү өгөөжөө өгнө. Тухайлбал хадгаламжийн хүү өнгөрсөн жил 2 оронтой тоотой байсан бол өнөөдөр 6,7 хувь, зээлийн хүү 18 хувь байснаа одоогоор дунджаар 14 руу бууж байна. Цаашдаа ч хүү буурах хандлагатай байгаа нь эдийн засагт баялаг бүтээж байгаа ААН болон иргэдэд зээлийн хүүгийн дарамтыг бууруулна гэсэн хүлээлттэй байна.
- Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг багасгах боломжтой болсон. Нэг хувьцаа эзэмшигч нь арилжааны банкны 20 илүү хувийг эзэмшихгүй гэдгийг хатуу зааж өгсөн. Үүнийг банкууд 2023 оны 12 дугаар сарын 31 гэхэд 20 хувийн хязгаартаа орсон байх ёстой. Банкууд 1,2 хувьцаа эзэмшигчидтэй байх тохиолдолд эрсдэлтэй байдаг. Засаглалын том гажуудал үүсдэг. ЭЗБХ банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах Ажлын хэсэг байгуулсан. Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн талаар ойлгомжгүй асуудал үүссэн. Үүнийг нягталж тодорхой болгоно.
- Бүх банкууд СЗХ-нд төлөвлөгөөгөө өгөөд батлуулсан. Бэлтгэл ажил үндсэндээ хийгдсэн. Одоо тайлангаа хүлээж байгаа гэх мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тайлангаа гаргаад 3 дугаар сарын 30 гэхэд батлуулаад хувьцаагаа арилжаалахад бэлэн болно.
- Банкны салбарт маш том шинэчлэл хийгдэж эхэлж байна. Өнөөдрийг болтол Хөрөнгийн бирж дээр банкны хувьцаа арилжигдаж байгаагүй. Энэ нь шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирж байна гэсэн үг. Иргэд ямар нэг байдлаар банктай харилцдаг. Тиймээс санхүүгийн том тоглогчдын хувьцаа эзэмшигч болох боломж нь үүгээр нээгдэж байна. Цаашид арилжааны банкуудад нэлээд өөрчлөлт орно. Тоон нь цөөрч, чанар нь сайжирна.