Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцсэн. Улмаар гарсан шийдвэр болоод хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд мэдэгдээд байгаа Омикрон шинэ мутацийг ДЭМБ бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 18 улсад шинэ мутацилагдсан хувилбар бүртгэгдсэн. Үүнээс Африкийн улс орон, Израйль, Бельги гэхчилэн улсад бүртгэгдэж, бусад улсад зөөвөрлөгдөн бүртгэгдэж байна. Эдгээр улс оронд мутацилагдсан шинэ хувилбар бүртгэгдсэн улс орноос гадаадын иргэн авахгүй байх, өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, энэ хугацаанд 2 удаа ПСР шинжилгээ хийх энэ үеэр бүүстер тунг идэвхжүүлж байна. Тухайлбал АНУ, Их Британид 18-аас дээш насныханд бүүстер тун хийх шийд гаргасан. Манай улсад хилийн боомтууд дээр нэмэлтээр тандалтын баг гаргаж, ПСР шинжилгээ авч нэвтрүүлж байна. Энэ сарын 28-наас түргэвчилэн болон ПСР шинжилгээг Чингис хаан нисэх онгоцны буудалд авч байна. 28-наас хойш 1040 хүн ирсэн байна. Эдгээрээс 2 сэжигтэй тохиолдол илэрч, эдгээр хүний ХӨСҮТ-д шинжлэхэд нэг хүнээс дельта хувилбар илэрч нөгөө хүний шинжилгээ үгүйсгэгдсэн.
Манай улс хоёр тун хийлгээд өвдөөд эдгэсэн хүн 21 хоногийн зайтай бүүстер тун хийлгэхээр болж журмыг шинэчилсэн. Долоо хоногт дунджаар 80 мянган хүн бүүстер тунд хамрагдаж байна.
Х.Соёл