БШУЯ-аас сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэрэгт дүн шинжилгээ хийсэн талаарх тайлан мэдээ танилцуулав. Уг дүнд өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцолсон. Мөн сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбоотой гэж тайлбарласан.
Корона вирусийн тархалттай холбоотойгоор хоёр жилийн турш сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжсэн. Нөгөөтэйгүүр эцэг эхэд нь даатгаад үлдээсэн гэхэд хилсдэхгүй. Ялангуяа бага ангийн сурагчдыг уншуулж, бичүүлж, бодуулж сургасан хүн бол эцэг эхчүүд. Тэд бага ангийн сургалтын агуулгын талаар хүүхдэд нь хэрхэн нөлөөлж байгааг хамгийн сайн мэднэ. Тиймээс эцэг эхчүүдээс сургалтын агуулгын талаарх сэтгэгдлийг нь асууж тодруулсан юм.
Иргэн Р.Мөнхтуул: Заримдаа эцэг эхчүүд бид ч багшаас асуух шаардлага гардаг
-Таны хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ?
-Гуравдугаар ангид сурдаг.
- Бага ангийн сургалтын агуулга нь танд ямар санагддаг вэ?
-Агуулгын хувьд хүнд. Заримдаа эцэг эхчүүд нь ч багшаас асуух шаарлага гардаг. 2, 3 дугаар ангийн хичээлийг шүү дээ. Хүүхдэд маш сайн суурь суулгах хэрэгтэй санагддаг. Гэтэл хүүхэд бүр сурах чадвар өөр өөр байдаг тул зарим нь хурдан ойлгоод хичээлээ сайн хийгээд явж байхад зарим хүүхэд ойлгохдоо удаан учраас хичээлээс хоцрох асуудал гарч байна. Хичээлээсээ хоцорсон хүүхэд сурах хүсэл сонирхолгүй болж хичээл хийх дургүй болдог юм билээ. Карантины үеэр л хичээлийн хоцрогдол гэдгийг мэдэрсэн дээ. Зарим шинэ багш энэ тал дээр хүүхдүүдээ ойлгож дэмжиж ажиллах нь дутагдалтай байгаа тал ажиглагдаж байгаа. Манай хүүхэд одоо 3-р анги. Анх сургуульд орж байхдаа хичээлдээ их л дуртай, багшийн заасныг хурдан ч ойлгодог их идэвхтэй хүүхэд байсан. Харин багш сургууль солигдож бас цахим хичээл орсноос хойш хичээлээ дутуу ойлгох хүндрэл гарч бусдын дэмжлэгийг хүсэх болсон.
Иргэн Х.Соёлбат: Их шахаад байхаар хичээлээс зайлсхийх болсон
-Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ?
-1 болон 4 дүгээр ангид сурдаг хоёр хүүхэдтэй.
-Сургалтын агуулга нь танд ямар санагддаг вэ?
Агуулга нь хүндээс гадна хичээлээ маш их шахаж үзэж байгаа учраас охинд минь их хүндээр тусч байна. Хичээлээсээ хоцрогдоод түүнээсээ болооод сэтгэлээр маш их унадаг. Их шахаад байхаар хичээлээс аль болох зайлсхийхийг хичээх болсон. Хийх ёстой даалгавраа хийх гэж их хичээдэг. Өдөр шөнөгүй л хичээлээ хийж байгаа ч гэсэн нэг л сайн болж өгөхгүй байна.
-Хэт их ачаалал өгч байгаагаас шалтгаалаад хичээл хийх дургүй болж байна гэсэн үг үү?
-Тийм. Бага насандаа хэт их ачаалалтай хүнд хичээл үзсэнээс болж цаашид сурч чадахгүй юм байна гээд урам зориг нь мөхнө. Хичээлдээ дургүй болсон хүүхэд сурах сонирхолгүй болж улмаар хичээлийн хоцрогдолтой болдог учир цаашид сурлага нь мууддаг. Үүн дээр би их санаа зовж байгаа.
Иргэн Б.Отгонцэцэг: Өмнөх хичээлээ гүйцэд ойлгоогүй байхад нь дахин шинэ сэдэв үздэг
-Таны хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ?
-Гуравдугаар ангид сурдаг.
- Бага ангийн сургалтын агуулга нь танд ямар санагддаг вэ?
-Бага ангийн сургалт хэт шахуу хөтөлбөртэй. Өмнөх хичээлээ гүйцэд ойлгоогүй байхад нь дахин шинэ сэдэв үздэг. Ийм байдлаар явсаар анги дэвшихэд хоцрогдол үүсч байна. Бас бага ангийн багш нарын заах арга зүй маш дутмаг байдаг.
Х.Соёл