Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг хөдөлгөөнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5000 мод тарих төслийг баталгаажууллаа.
Төслийн хүрээнд Чингэлтэй хайрхан уулын энгэр, “Дээд салхит”-ын аманд байрлах 3 га газарт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон шилмүүст, хус мод нийлсэн 5000 ширхэг суулгацыг 4 жилийн хугацаанд үечлэн тарихаар төлөвлөж буй юм.
Мөн ойжуулах талбайг сандал, сүүдрэвч, явган зам талбай, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын хамт төлөвлөж, боловсрууллаа. Ирээдүй, хойчдоо ногоон дэлхий үлдээе.