Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Монголын хуучин газрын зургуудын өвийг багтаасан тус ном нь 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм. Номыг бүтээхэд гар бие оролцсон Г.Бадамсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Монгол нутгийн зураг” боть ном нээлтээ хийж байна. Энэ номын онцлог юу вэ?
-Энэ ном бол маш ховор сонирхолтой ном. Одоогоос 100-250 жилийн тэртээх Монголын хуучин газрын зургууд өөрөөр хэлбэл хошуу ноёдууд, Монголчууд Манжийн үед өөрсдөө газрын зургаа хийж байсан. Энэ гурван ботид 200-аад зураг дэлгэгдэж байгаа юм. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын архивт байгаа 200 зураг орсон. Цаашдаа Улсын төв номын сан, Улсын архивт байгаа мөн ижил төрлийн өвүүдийг цуврал болгон хэвлүүлэх ийм төсөл хэрэгжиж байгаа. Түүхэн газар зүйн нийгэмлэг, манай судлаач эрдэмтэн докторууд хамтраад миний бие оролцоод хийж байгаа ажил юм.
Энэ бол маш сонин зүйл. Юугаараа сонин бэ гэвэл биднийг бага байхад Монголчууд газрын зураг байхгүй ээ, Европчууд л газрын зураг хийсэн Монголчууд хоцрогдсон л гэдэг байсан. Гэтэл монголчууд 2000 жилийн тэртээх Хүннүгийн үеэс эхлээд үеийн газрын зургийг өөрсдөө зурах хэрэглэх, баримжаалах гээд газрын тухай ойлголт их өргөн байсан. Түүний нэг жишээ нь сүүлийн хоёр гурван зуун жилд хийсэн газрын зургууд юм аа. Тэгээд энэ 3 боть болон хэвлэгдэж байгаа юм.
-Түүхэн ховор сурвалжуудыг багтаасан гэсэн шүү дээ. Энэ талаар сонирхуулаач?
-Эндээс юу мэдэж болох вэ гэхээр нэгдүгээрт түүхийн сурвалж, хоёрдугаарт түүхэн газар зүйн сурвалж, уран зургийн сурвалж, хэл шинжлэлийн сурвалж, газар усны нэрийн судалгаа гэх мэт олон зүйлүүдийг томьёолж болох үнэ цэнтэй. Эдгээр сурвалж нь хуучин социолизмын үед хаалттай, ховор судлагддаг байсан шүү дээ. Дэлхий дээр 1400 гаруй Монгол нутгийн газрын зураг байна гэж үздэг. Тэгэхээр энэнээс 1100 орчим нь Монголд байна. Монголын гурван архивт байна. Дэлхийн архивт гараар зурсан газрын зургийн сүүлчийн өвийг маш их сонирхдог. Тэгэхээр энэ бол нэг талаасаа соёлын өв нөгөө талаасаа маш нандин чухал сурвалж болж байгаа юм.
Тэгэхээр Геодези зураг зүйн газар анх удаа олон нийтэд судалгаанд зориулж нээж байгаа маш талархууштай хэрэг юм. Энэ сурвалжуудыг Монголын олон нийт үзэж судлаасай гэж хүсч байна. Мөн 30 гаруй мянган газар усны нэр газрын байдлын 200 жилийн тэртээ зурснаар үлдээсэн нь их сонирхолтой байгаа.
-Энэ гурван боть номыг нэгтгэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Энэ төсөл дээр голлох гурван хүн ажилласан. Профессор Ж.Гэрэлбадрах, н.Мөнхбаатар судлаач, миний бие бид гурав голлож 10 гаруй хүн оролцсон. Хоёр жилийн ажил байлаа. Цаашдаа цуврал бодиуд хэвлүүлэхэд 4-5 жилийн ажил болох байх гэж төлөвлөж байгаа. Учир нь газрын зургийн тодорхойлолтуудыг хийхээс гадна газар усны одоогийн байршил одоогийн газрын зураг дээр хаана нь байна гэдгийг тогтоох. Газар усны нэр дандаа монгол бичгээр голдуу байдаг. Зарим нь хятад, манж хэлээр байдаг учир тэр бүгдийг галиглах орчуулах гэх мэт их нүсэр ажлууд байдаг. Тийм учраас энэ 200 зурагт 3 том боть нэлээн том өнгөт каталог байгаа гэсэн үг. Дээр нь газар усны нэрийг орчуулж галиглахдаа торлож байршлуудыг нь тодорхойлох маягаар судалгааны арга зүй оруулж ашигладаг багйаа. 1 жил 6 сарын өмнө хэвлэгдсэн ч ковидоос болоод нээж амжаагүй явсаар өнөөдөр нээж байна. Бас нэг зүйл хэлэхэд энэ төсөлд маань Засгийн газар санхүүжилт гаргаж дэмжиж байгаад маш их талархаж байгаа.
Х.Соёл