МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Хөдөлмөрийн баатар цолтон, Төрийн шагналтнууд шинээр төрөв
Баасан гарагт тохиосон Улс тунхаласны 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүн төрийн одон медалиар шагнагдав. Мөн соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Драмын Үндэсний академик театрын жүжигчин Ардын жүжигчин Цэрэндагва, Н.Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол гардууллаа.
Мөн Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
2022 оны төрийн соёрхолтнууд тодорлоо. Энэ удаад орчуулагч, ГХ-ийн сайд асан Ц.Гомбосүрэн, хуульч С.Нарангэрэл болон олон сайхан давтагдашгүй бүтээл туурьвисан Ш.Тэнгисболд,
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
УЛСЫН ИХ ХУРАЛ
Нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийг хэлэлцэв
Пүрэв гарагт УИХ-ын чуулган Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байна.
Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой юм” гэв.
Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр дөрвөн хүнийг томилов
УИХ-аас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэж батлав. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшсэн юм. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжсэнгүй. Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүслээ.
УИХ-ЫН ДАРГА
Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм. Тус хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд шүүгч дөрвөн гишүүнийг нийт шүүгчид өөрсдөө дундаасаа, шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021.10.11 болж Сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүнийг шүүгчид дундаасаа сонгосон. Харин өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан тус хорооны гишүүдийг хүлээн авч уулзав. Тэрбээр энэ үеэрээ “Та бүхэн чин сэтгэлээ зориулж, шударга, хараат бус байдлаар ажиллаж чадвал ард түмний шударга ёсыг тогтоох хүсэмжлэлийг гүйцэлдүүлж, шүүх засаглалд иргэдийн итгэх итгэл сэргэх болно гэдгийг онцлов. Сахилгын хорооны гишүүд та бүхнийг хэн нэгэн дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэхийг шахаж, шаардах нөхцөлд ил тодоор мэдээлж, сөрөг нөлөөнд автахгүй ажиллахыг хүсье” гэлээ
ЕРӨНХИЙ САЙД
Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл харилцан ашигтай байх ёстой
Даваа гарагт /2021.11.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч уулзалт хийлээ.
Ерөнхий сайд энэ үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид Оюутолгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.
ЗАСГИЙН ГАЗАР
ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл танхимаар хичээллэнэ
Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээлүүлж, 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгчээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь. Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ.
НАМ, БҮЛЭГ
МАН-ын Их хурлаа ирэх сарын 6-нд товлов
Улирч буй долоо хоногийн Мягмар гарагт МАН-ын удирдах зөвлөл хуралдав.Хурлаас МАН-ын Их хурлыг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байхаар тогтов.
Тус зөвлөлийн хаалттай хуралдаанаар ИНЕГ болон УБТЗ-ын дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн юм. Тус намын ЕНБ-ийн даргын хэлснээр тус хурлаар бас албан тушаал авлигын асуудлыг мөн хэлэлцсэн гэжээ.
ТОМИЛГОО
ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилов
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын үүрэг үцэтгэгчээр С.Мөнхнасанг томиллоо.
Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.