Тажикистаны хамгаалалтын албаныхны тусгай ажиллагааны үеэр 29 настай Гулбиддин Зиёбековыг хөнөөсөн хэргийн дараа олон арван хүн хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ бол Эмомали Рахмонагийн Ерөнхийлөгчийн алба хашиж буй 26 жилийн хугацаан дахь тун содон үйл явдал болж байна.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар хамгаалалтын албаныхан залууг гэрээс нь гаргаж машинд суулган авч явжээ. Тэр үед Зиёбеков ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд баривчлагдсан шалтгааныг ойлгоогүй гэж гэрчүүд хэлсэн байна.
Гэтэл хэсэг хугацааны дараа бууны шархтай Зиёбековын цогцсыг төрөл төрөгсөд нь хүлээлгэн өгчээ.
11-р сарын 25-нд Шохдар тосгонд 181-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Зиёбековыг баривчлах ажиллагааг хууль сахиулах байгууллага явуулсныг Уулын Бадахшан автономит мужийн Прокурорын газраас баталжээ.
Пүрэв гарагийн орой Гулбиддин Зиёбековын төрөл төрөгсөд залууг баривчилж хөнөөсөн шалтгааныг хэлэхиыг шаардан Хорог хотын захиргааны өмнөх талбайд очсон байна. Тэдэнтэй нутгийн иргэд нэгджээ. Үүний дараа гэрчүүдийн хэлснээр хууль сахиулагчид цугларагсад руу шууд буудаж эхэлжээ. Pamir Daily News-ийн мэдээлснээр, энэ үеэр дахин хоёр залуу амиа алдаж, 15 хүн шархадсан байна.
ТАСС-ын эх сурвалжийн мэдээлснээр Хорог хотын оршин суугчид тарахаас татгалзаж, талбайдаа байсаар байгаа бөгөөд байдал хурцадмал хэвээр байна. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр төрийн байгууллагууд "энх тайванчаар хэлэлцээ хийх замаар" нөхцөл байдлыг шийдвэрлэх бодолтой байгаа аж.
Арваннэгдүгээр сарын 25-нд Хорогт болсон мөргөлдөөний үеэр хууль сахиулах байгууллагын таван ажилтан шархадсан талаар “ASIA-Plus” мөн дурджээ.
Тажикистаны Дотоод хэргийн яамны албан ёсны сайтад Хорог хотод болсон жагсаал, буудалцаан гэсэн мэдээлэл байхгүй байна.
Лондонд амьдардаг Тажик идэвхтнүүдийн нэг BBC-ийн албанд хэлэхдээ 2020 онд Гулбиддин Зиёбеков Рошткалад дүүргийн прокурорын туслах Абдусалам Абирзода бэлгийн дарамт үзүүлсэн гэж гомдол гаргасан охиныг хамгаалж, түүнээс уучлалт гуйхыг шаарджээ. Гэвч Абирзода үүнийг хийгээгүй бөгөөд Зиёбековын эсрэг хууль сахиулах байгууллагын ажилтанд хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Зиёбеков болон бусад хэдэн залуу 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Рошткалад мужийн прокурорын туслах Абирзодаг барьцаалж, найман цагийн турш тамлан зодсон гэж прокурорын газар мэдэгдэж байв.
Гэвч хэсэг хугацааны дараа прокурорын туслах буруугаа хүлээж, хохирогч охиноос уучлалт гуйсан байна.
Харин Зиёбековт холбогдох эрүүгийн хэргийг сар орчмын өмнө сэргээсэн байна. Тэгээд өчигдөр түүнийг баривчилж шууд хөнөөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна
Пүрэв гарагийн орой Москва дахь Тажикистаны элчин сайдын яамны гадаа мөн ийм жагсаал болж мянга гаруй хүн оролцсон байна.