"Омикрон" Европт аль хэдийн нэвтэрсэн нь мэдэгдэж байна. Өвчний анхны тохиолдол Бельгид бүртгэгдсэн. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Европын бүх улс орнуудад вирусын шинэ хувилбар илэрсэн бүс нутгаас аялагчдыг нэвтрүүлэхийг түр зогсоохыг уриалав. "Европ дахь бид бүгд маш хурдан, шийдэмгий, зохицуулалттай ажиллах нь одоо чухал" гэж тэр хэлэв.
Өмнө нь Европын Комисс Европын Холбооны орнууд руу нэвтрэх хязгаарлалтыг өөрчлөхийг санал болгож, тухайн зорчигчийн ирсэн улс, бүс нутагт бус, харин вакцинжуулалтын байдалд нь илүү анхаарал хандуулахыг санал болгож байв. Бүрэн вакцин хийлгэсэн аялагчдыг холбооны бүх 27 улсын нутаг дэвсгэрт хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэхийг санал болгож байсан юм. . Гэсэн хэдий ч энэ асуудал "Omicron" гэж нэрлэгдсэн B.1.1.529 мутаци гарч ирэхээс өмнө ч яригдаж байсан асуудал юм.
Түүнчлэн ОХУ, АНУ, Их Британи, Герман, Итали, Израиль, Сингапур, Франц, Чех, Япон зэрэг улс Африкийн хэд хэдэн улсаас ирсэн зорчигчийг хилээр нэвтрэх журмыг чангатгасан байна.
Германд коронавирусын улмаас нас барсан нийт хүний тоо 100 мянга давсан гэж мэдэгдсэний маргааш шинэ хувилбарын тухай мэдээлэл түгэж эхэлжээ.
Албан тушаалаа өгч буй канцлер Ангела Меркель өөрийн залгамжлагч Олаф Шольц болон бүрэн бүрдээгүй байгаа түүний шинэ засгийн газрын гишүүдийг тахал өвчинтэй тэмцэхийн тулд "хурдан бөгөөд шийдэмгий алхам хийхийг" уриалав.
Тэрээр мөн Германд нийгмийн харилцаа холбоог хязгаарлахад чиглэсэн хатуу арга хэмжээ авахыг уриалж, шинэ засгийн газарт "шилжилтийн үеийг хамтран удирдахад" туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Нидерланд баасан гарагийн орой хорио цээрийн арга хэмжээг чангатгаж байгаагаа зарлав. Ерөнхий сайд Марк Рютте Ням гарагаас эхлэн тус улсын дэлгүүр, ресторан, баарууд оройн таван цагаас өглөөний таван цаг хүртэл ажиллахгүй гэж мэдэгдэв. Одоо тус улсад ресторан, баар оройн найман цагт хаагдах ёстой гэсэн журам үйлчилж байгаа юм.
Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт улс орон нь "онц байдлын ирмэг дээр байна" гэж мэдэгдэв.
Өнөөдөр буюу Бямба гарагт Израилийн Ерөнхий сайд засгийн газрын яаралтай хуралдаан хийж, ялангуяа тус улсад ирэх гадаадын иргэдэд зориулсан Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудлыг хаах эсэхийг шийднэ.
Эх сурвалж ВВС бусад