Ч.Отгочулуу: Хил, гаалийнхаа нэвтрүүлэх чадварт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй

2021-11-25
545

2022 оны төсвийн   эргэн тойронд эдийн засагч, шинжээч судлаачид олон шүүмжлэл хэлсээр байна. Төсөв-2022 -ийн хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Сүүлийн хоёр жил дараалан алдагдалтай төсөв баталж байна. Жил бүр алдагдалтай төсөв батлаад байвал цаашид ямар үр дүнд хүрэх бол. Мөн ирэх жилийн төсөвт бодлого талаас дэвшилттэй зүйл байна хэмээн зарим эдийн засагч дүгнэсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Дэвшилттэй зүйлийг харахгүй байна. Яахав төрийн үйлчилгээг цахимжуулах талаас зардлыг бууруулах зүйл байж магадгүй. Ер нь төсвийн алдагдал 2.5 их наяд орчимд батлагдах шиг боллоо. Энэ алдагдлаар үр ашиггүй хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тойргуудад хөшөө болон бассейн  янз бүрийн барилга нэлээд баригдахаар байна. Эдгээр үр ашиггүй бүтээн байгуулалтыг явуулахын тулд мэдээж урд хөршөөс бараа бүтээгдэхүүнийг төрийн нэр барин хүчин чадал хязгаарлагдмал нарийхан боомтоор эхэлж татна. Үүнээс үүдэж хувийн хэвшил, аж ахуйн нэгжид  бараа, материалаа татахад  хүндрэл үүсэж зардлыг нь өсгөн үнэ нэмэгдэх нөхцөл болно. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхэд инфляц бий болно. Төгрөг үнэгүйднэ. Иргэдийн хадгаламж, хуримтлал үнэ цэнгүй болно. Төсвийн алдагдал нь ирээдүйгээсээ соёлтойгоор, албан ёсоор хулгай хийж буй хэлбэр. Жишээлбэл, социалист чиг баримжаатай Герман, Швед гэсэн европын орнууд хуулиараа төсвөө алдагдалгүй батлахыг шаарддаг. Төсөв алдагдалгүй байснаар үнэ тогтвортой байхын зэрэгцээ хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж. Одоо төр их данхайсан, хоёр гурван яам шинээр байгуулсан төсөв баталсан. Тухайлбал, “Гэрэгэ”-г хувийн хэвшил хийж болсоор байтал зэрэгцүүлээд “Хур” гэх систем оруулж ирүүлсэн нь it-гийнхэн  төр болон гадныхантай  зохицоод бизнесээ явуулах гэхээр цахим яам, академи бий болгодог. Цахим систем, программ зах зээл хомс ийм үед төр, хувийн хэвшлээ дэмжихийн оронд бизнесийг нь булааж байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр, Соёлын сайдад  260 орчим тэрбум төгрөг төсөвт багцлан суулгасан хэрнээ  эрчим хүчний яамны сайдын багц  хэт бага байгаа нь энэ Засгийн газар соёлын салбарт хэт анхаарч эрчим хүчний салбараа орхигдуулж байна. Янз бүрийн кино, PR контент их хийхээс гадна хөшөө дурсгал, соёлын төвийн барилгуудад зарцуулагдахаар харагдаж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарыг худалдаж авах санхүүжүүлэх эх үүсвэр  үүний цаана байна гэж хардаж байна. Учир нь задаргаа нь ойлгомжгүй байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгогч түмнийг төөрөгдүүлэх сайтуудыг санхүүжүүлж өөрсдөөсөө хараат байх бодлогыг явуулж байна. Энэ бодлогын илрэл нь Соёлын сайдын багцаар илүү тод илэрч байна.

-Гэхдээ энэ жилийн төсөвт татварын хувь хэмжээг нэмэгдүүлээгүй байгаа нь татвар тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх биш үү?

-Монголд ажил хийдэг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсэг цөөрч байна. 300 орчим мянга байсан бол одоо 200 мянга руу орж ирсэн. Яагаад гэвэл Монголын нийгэмд баялаг бүтээдэггүй, бүтээсэн баялгаас хуваарилж амьдардаг хэсэг олон болоод байна. Улстөрчид, дамын наймаачид, сайтынхан, хууль шүүхийнхэн. Тэнцвэр нь алдагдчихаад байна. Энэ замаар бид яваад үзчихсэн. ЗХУ, БНМАУ ийм системээр явж байгаад нурж унасан. БНМАУ-ын эдийн засаг тэр үед 10 тэрбум байсан. Гадаад өр зөвхөн ЗХУ-д гэхэд 10 тэрбум ам.доллар болсон байсан. Тэгэхээр манайх өөрсдөөсөө их эдийн засагтай байж үзсэн улс. Гэтэл одоо манай эдийн засаг 40 их наядад хүрээд байна. Үүний хуримтлагдсан дүнгээр 15 их наяд нь өр болоод байна. Зөвхөн Засгийн газрын гадаад өр найман их наяд төгрөгт  хүрсэн. Манай эдийн засгийг ам.доллараар илэрхийлбэл 10 тэрбум ам.доллар. Ингэхээр манайх маш хурдтай өрөөр санхүүждэг, төр нь данхайсан  эдийн засаг руу хурдтай явж байна. Үүний гол илрэл нь 2022 оны улсын төсөв.

-Засгийн газар он гараад төсөвт тодотгол хийнэ. Магадгүй бонд гаргах чигтэй юм шиг байна. Бонд гаргаж өмнөх олон  бондын өрийг дарж байгаа нь харин ч зөв юм биш үү?

-2.5 их наяд төгрөгийн алдагдлыг  бондоор л хаана шүү дээ. Ирэх жилийн улсын төсвийг өнгөц харвал шударга болсон  шинэчлэгдсэн сайн төсөв болсон гэх боловч уншаад үзэхээр үйлдэл дээрээ эсрэгээрээ. Жишээлбэл, Хэнтийд онцын шаардлагагүй олон төсөв тавигдсан. Иргэний танхим, далд уурхайн музей, соёлын ордон, сумуудыг хатуу хучилттай хар замаар холбох, дулааны цахилгаан станц барих гээд. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй, хүрэлцэхгүй байна. Ойрын 2-3 жилд аялал жуулчлал нам зогсоно гэж байна. Энэ бол төсвийн хууль болоод үндсэн хуулийг зөрчсөн явдал гэдгийг ард түмэн шүүмжилж байна.

-36.4 сая тонн нүүрс гаргана хэмээн их өөдрөгөөр төсөөлсөн. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал боломжгүй. Цаашдаа яах бол боломж хэр харагдаж байна таныхаар?

-Нүүрсний болон зэсийн экспортыг өндөр тавьдаг нь эдийн засаг зохиомлоор өндөр харагддаг. Эдийн засаг өндөр байх тусам өрийн тааз өндөр болдог. Эдийн засгийн аргаар өр тавьж байгаа үзэгдэл. Гишүүд улаан цагаандаа гарч тойрог бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилахыг хүлээн зөвшөөрч баталчих шиг боллоо. Энэ нь Засгийн газар, УИХ-ыг шуналтайгаар авлигадаж байгаа хэлбэр. Ингэснээр дараа нь тэр тойрог дээр жирийн иргэн сонгогдох эрхээ эдлээд очлоо гэхэд түүний эсрэг юу ч хийж чадахгүй нөхцөл үүссэн. Одоогийн УИХ-ын гишүүд их хурал дахь албан тушаал бүрийг ашиглаж өөрсдөө давуу байдал үүсгэлээ. Ийм байхад шударга сонгууль, шударга өрсөлдөөн ярих боломжгүй. Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд 2022 оны төсөв авлигын, луйврын, сонгуулийг худалдаж авах гэсэн ийм л төсөв  боллоо.

-Ирэх 10 жилд зэсийн ирээдүй гэж байна. Зэсийн үнэ өсөлттэй байгаа энэ үед зэс хайлуулах үйлдвэрт нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Уг нь энэ үйлдвэрээ дэмжсэн бол төсөвт ирэх орлого хоёр дахин нэмэгдэхээр байсан. Харин нефть боловсруулах үйлдвэрт хэдэн төгрөг тавьсан харагдсан. Энэ үйлдвэр хэзээ баригдаж дуусаад төсөвт өгөөжөө өгөх юм бол?

-Сайншандын нефьт боловсруулах үйлдвэр анх төсөвлөгдөхдөө нэг тэрбум төгрөг гэж байсан. Гэтэл баригдаж дуусаагүй байхдаа төсөв нь 25 хувиар хэтэрч 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдчихсэн. Түүхий эдээр хангах үйлдвэрийн систем нь өөрөөсөө дутахгүй үнэтэй болох байх. Түүхий нефтиэ 700 км-ийн цаанаас татна гэхээр. Энэ үйлдвэр 2025 онд ашиглалтад орно гэж байсан хөрөнгө оруулалтаа нөхсөөр 2030 онд жигдэрнэ гэж үзвэл тэр үед дэлхий нийтээр бинзенээс татгалзчихсан байх болов уу. Үүний оронд бид зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн бол ирээдүйтэй байлаа. 10 жилийн дараа зэсийн эрэлт өсөж хомсдол үүснэ. Нөгөөтэйгүүр, ногоон эдийн засаг ноёлно. Цахилгаан автомашин, дижитал эдийн засагт кабелийн эрэлт эрс өснө. Хувийн хэвшилтэйгээ хамтраад энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн бол төсөвт ирэх өгөөж хоёр дахин нэмэгдэх ирээдүйтэй төсөв байх байлаа.

-Гэхдээ халамжаас хөдөлмөр рүү гээд хэт хавтгайрсан бэлэн мөнгөний  төсвөө танасан гэж ойлгосон. Түүнчлэн хүүхдийн мөнгөнд 300 орчим тэрбум төгрөг тавьсан байсан?

-Хүүхдийн мөнгөнд нэг ч төгрөг улсын төсвөөс тавиагүй. Ирээдүйн өв сангийн мөнгөнөөс олгоно гэсэн. Энэ бол маш буруу бодлого. Энэ санд 2030 он хүртэл мөнгө хуримтлагдаж өсөж байх ёстой. Гэтэл үүнийгээ байхгүй болгож хүүхдийн мөнгө болгож байгаа нь хуримтлал үүсэхгүй болж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл зарим хүүхдийг мөнгөө бэлнээр авч болно гэчихсэн. Ингэснээр Ирээдүйн өв сангийн мөнгөө идэх нөхцөл бүрдчихэж байгаа юм. Тиймээс өмнөх жилд олсон уул уурхайн баялгаа түрүүлээд идчихнэ гэхээр алдаатай бодлого. Бид буцаад баялгийн хараал гэдэг зүйл  рүүгээ орж байна даа. Тэртээ тэргүй өндөр алдагдалтай, зардал их төсөв дээр хүүхдийн мөнгөөр дамжуулан эдийн засаг руу  шаардлагагүй мөнгө  их оруулах болж байна.

Ингэснээр нөгөө талдаа нийлүүлэлтийн хомсдол үүснэ. Нөгөөтэйгүүр,  Засгийн газар хил боомтынхоо нэвтрүүлэх чадварт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Манай урд хөрш хоёр жилийн өмнөөс  COVID-ийн халдварын дэглэмээ сайжруулахыг олон удаа хэлсэн. Гэтэл манай талын нэвтрүүлэх хэсэг ямар юм байлаа даа.

Сараалжин төмөр л байсан биз дээ. Харин манай талаас юу ч хийгээгүй. Яаралтай нэвтрүүлэх чадвараа сайжруулсан бол нийлүүлэлт өсөх байв. Үүнээс үүдэж манайх нийлүүлэлтээ боогоод төрийн компаниудад давуу эрх олгож хувийнхаа ялангуяа, барилгын салбар хүнд байдалд орсон. Энэ салбарт 100 мянган ажлын байр бий болгодог. Энэ бол ганц жишээ. Нөгөө талдаа эрэлтээ өсгөөд эдийн засгаа зогсоочихоор юмны үнэ нэмэгдэж ядуурал, амьжиргааны доод түвшин рүү орох  хэсгийг нэмэгдүүлдэг. Хэдхэн хүний хүрээнд хийсэн ард түмэндээ хорлонтой төсөв боллоо. Ер нь Засгаа огцуурлахгүй байх төсөв болсон. Үүнийгээ Сангийн сайд сайн мэдэж байгаа байх. Тиймээс хугацаа хожихын тулд төсвөө хуулийн цагт батлуулсан. Он гараад  тодотгоно гэдэг нь төсөвтөө эргэлзэж итгэхгүй байгаагийн илрэл.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.