С.Ариунжаргал: Цахим номын сангаа хөгжүүлж байна

2021-11-25
1476

Гар урлалаар “амьсгалж” түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг бүтээлч бүсгүй бол ХХЕГ-ын номын санч С.Ариунжаргал юм. Түүнд гар урлалаар хийхгүй бүтээл гэж үгүй. “Хийх хүн аргаа олж, хийхгүй хүн шалтаг олдог” гэдэг. Номын санчаар ажилладаг тэрбээр гар доорх материал ашиглан хөшиг хүртэл хийжээ. Тэрбээр “Айлын том учраас бүх зүйлийг чадахын төлөө амьдардаг” хэмээн ярьж байлаа.

 -Таныг олон ажилтай гэж сонссон. Яг үндсэн чиг үүргийн тань талаар ярилцлагаа эхэлье?

-Би 2008 онд ХААИС-ийг мал эмнэлгийн хорио цээр мэргэжлээр төгссөн ч өөр мэргэжлээр Говь-Алтай аймгийн Алтай суманд хэсэг ажилласан. 2013 онд Алтай сумын Шинэ Алтай захад мэргэжлийнхээ дагуу Хорио цээрийн байцаагч, лабораторийн эрхлэгчээр нэг жил ажилласан. Тэр үед мэргэжлийн хяналтынхан ирж шалгахад нь тэдэн шиг байцаагч болохыг мөрөөддөг байлаа. Удалгүй мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн хорио цээрт ажиллах санал ирж, хилийн мэргэжлийн хяналтад ажиллах болсон.

Ажиллаад удаагүй байтал бүтэц орон тоо өөрчлөгдөөд, халагдах болж найзынхаа зөвлөснөөр номын санчаар суралцсан даа. Тэр үед манай суманд хотоос хүмүүс ирчихсэн сургалт явуулж таарсан юм. Тэгээд л номын санч болж ажлын гараагаа Хилийн 0151 дүгээр ангиас эхэлсэн. Би мэргэжлийн номын санч болчихсон байсан тул ХХЕГ-т ажиллах тушаал гарч одоо Хилийн 0253 дугаар ангийн номын санчаар ажиллаж байна. Хилийн цэрэгт ажиллаж байгаадаа баяртай байдаг. Учир нь манай аав насаараа хилийн цэрэгт ажилласан ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Сарангэрэл Говь-Алтай аймгийн Алтай суманд амьдарч байгаа.

-Хорио цээрийн байцаагч, номын санч мэргэжил их ялгаатай байх даа?

-Мэдээж тэс ондоо хоёр мэргэжил. Гэхдээ миний хувьд зарим зүйлээрээ адил санагддаг. Лабораторийн эрхлэгч бол их нухацтай, хариуцлагатай ажил. Шинжилгээ аваад түүнийгээ үзэж шинжлэхийн тулд ном эргүүлэх хэрэгтэй болно. Тиймдээ ч мэргэжлийнхээ дагуу ном их уншдаг байсан. Энэ талаараа төстэй юм уу даа. Өмнө нь ихэвчлэн мэргэжлийн ном уншдаг байсан бол номын санч болоод уран зохиолын ном унших сонирхолтой болсон. Харин манай хилийн цэргийн номын санд энэ чиглэлийн ном ховор. Дийлэнх нь хил хамгаалах байгууллагын түүх, хилчдийн дурдатгал, мэргэжлийн ном, товхимол байдаг.

-Номын санчаар хэдэн жил ажиллаж байна?

-Долоон жил ажиллаж байна. Өнгөрсөн жил СУИС-аас зохиосон номын санч, архивын ажилчдын сургалтад суралцаж, мэргэжлийн үнэмлэх авсан. Одоо ч гэсэн суралцсаар л байна. Энэ мэргэжилдээ дуртай, цаашид ч үүгээрээ явна гэж боддог.

-Мэргэжлийн болохын тулд ямар чадвараа сайжруулах шаардлагатай гэж бодож байна?

-Би өөрийгөө байнга хөгжүүлэхийн төлөө хичээдэг хүн гэж боддог. Улам ч сайжрах шаардлагатай. Яагаад гэвэл би чинь бүхэл бүтэн хил хамгаалах байгууллагын номын санч хүн шүү дээ. Тэгэхээр их олон зүйл унших шаардлагатай. Хүмүүсийн асуусан болгоныг мэддэг байх ёстой гэж боддог. Одоогоор хийж байгаа зүйл гэвэл байгууллагадаа зориулж өөрөө худалдаж авсан цахим номын сангаа хөгжүүлж байна. Энэ нь номын сангаас ямар ном авах хүсэлтэй байгаагаа цахимаас хайх боломжтой гэж хэлж болно. Цаашид улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

-Номын санд байгаа бүх номоо бүгдийг нь мэднэ гэсэн үг үү?

-Ер нь мэднэ. Бүгдийг нь илүү сайн мэдэхийн төлөө судалж байна. “Сур сур бас дахин сур” гэдэг шүү дээ. Түүнтэй адил суралцсаар л байна. Бүгдийг нь сайн судлахгүй бол зарим уншигч маань тэр ном гэхээс илүү тодорхой сэдвийн хүрээнд ном асуудаг. Жишээлбэл, Халх гол, чөлөөлөх дайн гэсэн сэдэв байлаа гэхэд ямар номонд тэр тухай илүү дэлгэрэнгүй байгаа билээ гэдгийг нь мэдэж байж олж өгдөг. Хамгийн сүүлд нэг хүнд аавын тухай номыг нь олж өгсөн. Бүр архиваас хайгаад олдохгүй байгаа номыг нь олж өгөхөд их баярласан. 

-Та уран зохиолын номыг нэмэгдүүлэх талаар удирдлагуудад санал гаргаж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Тэр дагуу ч цөөнгүй ном ирдэг. Мөн зохиолч нар нь ирж номоо бэлэглэх тохиолдол байна. Уншигч нарынхаа хүсэлтийн дагуу ном цуглуулахыг хичээдэг. Тиймдээ ч өөрийнхөө мөнгөөр хүртэл ганц нэг ном авсан байгаа. Би албан ёсоор Хилийн 0253 дугаар ангийн номын санч гэгддэг ч ХХЕГ, ХЦДБЧ гээд л бүгдийг нь номоор хангахын төлөө ажилладаг. Алба хаагч нарын номыг олж өгөх, өрөөнд нь хүргэж өгөх гэх мэтээр ажиллаж байна даа. Ер нь завгүй шүү.

-Таныг ажлынхаа хажуугаар гар урлал хийдэг гэж сонслоо?

-Би гар урлалд их сонирхолтой. Үсний хавчаар, туузан гоёл гээд олон зүйлийг хийх гэж оролддог. Ихэвчлэн улиралд нь тааруулж гар урлал хийдэг. Одоо сургуулийн хүүхдийн гоёл, өвөл цагаан сарын үеэр дээлэн дээр хэрэглэж болох сувдан ээмэг бусад гоёл гэх мэт. Саяхан Баянхонгор аймгаас нэг ангийн захиалга ирж, охидод нь үсний гоёл, хавчаар хийж өгсөн бол хөвгүүдэд нь зангиа оёж өгсөн. Үүнээс гадна шингэн шил буюу EPOXY ашиглан гар урлалын зүйл хийж эхэлсэн. Анх өнгөрсөн хоёрдугаар сард энэ тухай олж сонсоод хийж үзэхээр шийдсэн юм. Тэгээд хөл хорионоор төрөөс өгсөн 300 мянган төгрөгөөрөө гар урлал хийхэд шаардагдах материалаа худалдаж авсан. Өөрийнхөө 300 мянган төгрөгөөс эхэлж, дараа нь үүндээ бүр улайраад нөхрийнхөө, хүүхдийнхээ мөнгөөр материал авчихсан байсан. /инээв/ Шингэн шилний урлалыг сурахад анхандаа бүх хэрэглэгдэхүүнтэй нь танилцаад, дараа нь гол зүйл болох шингэн шилээ найруулдаг. Хамгийн анх хоёр давхар чихрийн таваг хийж байлаа. Нэг удаагийн материалаар их олон зүйл хийж болдог. Хэд хэдэн чихрийн таваг, үлдэгдлээр нь түлхүүрийн оосор хийсэн. Одоогоор зөвхөн суралцагч төдий л байна. Цаашид янз бүрийн олон гоё зүйл хийх санаатай байгаа.

-Анх гар урлалаар бүтээл хийж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Анх 2009 онд хийж эхлээд нэг их хөгжүүлэлгүй тэгсгээд орхисон юм. Тухайн үед “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын сургалтад хамрагдаж анхлан сурч байлаа. Шаргуу хийж эхэлсэн нь гэвэл 2015 он. Энэ нь хотод ирээд гэсэн үг. Өмнө нь хөдөө орон нутагт байхад гар урлалын талаар төдийлөн сонирхож байгаагүй. Хотод ирээд удалгүй шүрэн урлалын цахим сургалтад хамрагдсан юм. Түүнээс хойш хичээнгүйлэн хийх болсон доо.

-Одоогийн байдлаар хэдэн төрлийн зүйл хийсэн бэ?

-Номын хавчуурга, даам, ханын цаг, түлхүүрийн оосор, чихрийн таваг хийсэн. Яг нарийн тоолж үзээгүй юм байна. Хийсэн бүтээлээ өөр зүйлд ашиглаж болдог болохоор олон нэр төрлийн зүйл гарна л даа. Тавагны суурь хийсэн байлаа гэхэд дунд нь цоолоод цагны ар тал болгож болно. Шингэн шилний урлалд бүх төрлийн хэв байдаг. Өөрөө хүссэн загварын хэвийг нь захиалаад хийж болно.

-Цаашид улам хөгжүүлж, сайн сурсныхаа дараа ямар зүйл хийхээр бодолтой байгаа вэ?

-Хүмүүс ширээний тавцан, хөлийг шингэн шилээр хийсэн байна билээ. Тэр нь надад их таалагдаж байгаа. Тиймээс дундаа загастай, бөөрөнхий ширээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэртээ ширээнийхээ ард сууж байхдаа байгалийн сайхныг мэдрэх.

-Шингэн шил гэдэг зүйлийг анх хаанаас олж мэдэв?

-Сошиал орчин дахь гар урлалын бүлгэмд байдаг. Тэнд гар урлагчид хийсэн зүйлээ нэгэндээ сонирхуулдаг. Тэгэхэд нэг хүн EPOXY буюу шингэн шил гэж ийм зүйл байдаг гэж сонирхуулж байсан юм. Тэр хүний хийсэн олон давхар чихрийн таваг надад их таалагдаж, өөрөө оролдож үзэхээр шийдсэн. Одоо бол энэ урлагт жинхэнэ дурласан. Хүн сонирхоод хийе гэвэл бүх зүйл бэлэн болсон цаг шүү дээ. Хамгийн энгийн жишээ бол шүрээр хийдэг чихрийн таваг. Заавар, схем бүх зүйл нь бий. Ойлгохгүй, чадахгүй зүйл огт байхгүй.

-Өөрийгөө хөгжүүлэх тал дээр ангийн удирдлагаас хэрхэн дэмжиж байна вэ?

-Ангийн захирагч маань энэ тал дээр их дэмждэг. Манайд эмэгтэйчүүдийн хөгжлийн цаг гэж байдаг. Түүнийгээ ашиглаж эмэгтэйчүүд маань өөрсдийгөө хөгжүүлэх, бусаддаа зааж сургах, туршлага солилцох дуртай. Шингэн шилний урлагаа бусаддаа нэг удаа зааж өгч байсан. Хүмүүс их дуртай байна лээ. Би өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг бусдадаа зааж өгөхийг боддог. Жишээ нь шингэн шилний урлалыг сурахад маш амархан, миний хувьд багшгүйгээр сурсан. Хүмүүст заах хэмжээний мундаг багш биш ч гэсэн зөвлөгөө авъя гэсэн болгонд нь заагаад өгчихмөөр санагддаг. Бас манай гэрийнхэн их дэмждэг. Тийм болохоор их урам авдаг.

-Гар урлалын онцлог нь юу вэ?

-Миний бодлоор гар урлал хүнээс бүх чадварыг шаарддаг гэж боддог. Туузаар юм хийлээ гэхэд түүнд шигтгээ нэмэхдээ шингэн шилээр өөрөө хийчихвэл төгс бүтээл болох жишээтэй. Гар урлалын олон зүйл хоорондоо салшгүй холбоотой гэдгийг улам ойлгож байгаа. Тиймээс бүх зүйлийг сурсан байх хэрэгтэй. Төгс сурдаггүй юм гэхэд бүгдийг нь мэддэг, анхан шатанд сурсан байхад хэрэгтэй гэж боддог.

-Яг одоогоор гар урлалын хэдэн төрлийн зүйл хийж байгаа вэ?

-Одоогийн байдлаар туузаар бүтээл хийж байна. Туузаар олон жил юм хийсэн болохоор юуг л бол юуг хийчих байх гэж боддог. Дээрээс нь шүрээр чихрийн таваг, бүс, толгойн гоёл хийсэн. Захиалга орж ирвэл дахин хийнэ. Эдгээрээс гадна энгэрийн зүүлт, үсний боолт хийхийг оролдож байна. Нэг удаа гутал нэхэж үзсэн. Манай ажлынханд их таалагдсан.

-Захиалга хэр ирж байна?

-Ер нь хийсэн бүтээлээ зарна гэж боддоггүй. Зөвхөн танилын хүрээнд цөөн хэдэн хүнтэй холбоотой байж, тэд нараасаа захиалга авдаг. Хэт их болбол бүгдийг нь хийж амждаггүй. Анхны орлогын тухайд манай гэрийн ойролцоо дэлгүүрийн худалдагч, хүмүүс их сонирхож байна гээд бага сага зүйл зарж өгсөн юм. Тэр анхны орлого маань байх даа. Өөрөө мэргэшиж байж дараа нь зарах талаар бодох хэрэгтэй байх. Бүтээлээ чанартай, гоё хийчихээд үнэ хэлбэл нүүр бардам байх гэж боддог.

-Ажлынхаа хажуугаар гар урлал хийх зав яаж гаргадаг вэ?

-Ажлыг ажил дээрээ хийх ёстой гэж боддог. Гэртээ өөрийгөө хөгжүүлж, стресс бухимдлаа тайлж амрах хэрэгтэй. Түүнээс гадна сайн төлөвлөх хэрэгтэй юм билээ. Гэртээ өөрийн гэсэн ажлын өрөөтэй, өрөөгөө шилэн урлалын хэсэг, тууз, шүр, цаасан урлал гээд хуваачихсан. Тэндээ юмаа хийх хамгийн сайхан байдаг. Мөн ар гэрийнхэн маань сайн дэмждэг болохоор асуудал гардаггүй. Жишээлбэл, туузан урлал хийхэд манай гэрийнхэн бүгд оролцдог. Нэг нь туузаа зүсэхэд, нөгөө нь наана, дараа нь түүнийгээ ороох хүн бас байна. Хамгийн сүүлд бэлэн болсон бүтээгдэхүүнийг эцэслэн шалгаж дуусгадаг хүн хүртэл бий. Нэг ёсондоо багахан хэмжээний үйлдвэрлэл ажиллуулж байгаа. /инээв/ Ингээд гэр бүлээрээ хөгжилдөөд юм хийж суухад ядрахыг мэддэггүй. Хүн ер нь аливаа ажлыг ядарна гэж хийх бус, тэр ажлаасаа эрч хүч, таашаал авдаг байх хэрэгтэй гэж боддог.

-Гар урлалаа цаашид хэрхэн хөгжүүлэх вэ. Төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Гар урлалын бүх төрлийг хийж үзэх юмсан гэж боддог. Ойрын хоёр жилийн төлөвлөгөөнд өөрийн гэсэн пэйж хуудастай болно гэсэн байгаа. Түүн дээрээ гар урлалын талаар янз бүрийн бичлэг оруулж, хүмүүст цахимаар заана. Тэр болтол чадварлаг болох хэрэгтэй. Мөн өөрийн гэсэн брэнд бий болгох хэрэгтэй юм байна гэж бодох болсон.

-Одоо ямар төрлийн, ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Шингэн шилний урлалаар номын хавчуурга хийж байгаа. Үүнийгээ улам төгөлдөржүүлээд байгууллагынхаа дарга нарт бэлэглэнэ гэж бодож байна.

 

О.ТҮВШИНЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.