АТҮТ гэж байсхийж байгаад л дарга удирдлага нар нь авлига хээл хахуульд өртдөг газар бий. Энэ төвд холбогдох бас нэгэн авлигын мэдээлэл өчигдөр түгсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл.
АТГ-ын хараа хяналтанд өртөх шалтгаан нь тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг. Мөн шалгалтад тэнцээгүй жолооч нараас авлига авч, дахин шалгалтад оруулахгүйгээр тэнцүүлдэг гэх асуудалд буруутгасан байна.
Гэвч энэ мэдээллийн дараа АТҮТ-өөс дээрхи мэдээллийг үгүйсгэж, "зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл худал мэдээлэл цацсан байна. Мэдээллээ нягталж байж нийтэлнэ үү" гэж цахим орчинд мэдэгджээ.
Харин уг мэдээллийг АТГ-аас тодруулахад "АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийсэн нь үнэн. Цагдан хорьж шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.
АТҮТ-ийнхэн булхайгаа хаацайлж бурууг бусдад тохож, худал ярьжээ.