ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар утсаар ярьж, Уулын Карабах дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Арменийн ерөнхий сайд үүсээд буй асуудлыг энхийн замаар зохицуулах хүрээнд "зуучлалын хүчин чармайлт" гаргаж байгаад Путинд талархал илэрхийлэв. Үүнээс гадна улстөрчид бүс нутгийн байдлыг тогтворжуулах талаар ярилцсан байна.
Хоёр удирдагч ийнхүү ярилцах болсон нь Арменийн Сюник муж, Азербайжаны Келбажар мужийн хил дээр гарсан сүүлийн үеийн хурцадмал байдалтай холбоотой юм. Тодруулбал, 11-р сарын 16-нд дээрхи хоёр мужийн хилийн боомтууд дээр мөргөлдөөн болж, талууд бие биенээ буруутгаж байгаа юм. Энэхүү мөргөлдөөний үеэр Армян, Азербайжаны хэд хэдэн хүн алагдаж зарим нь олзлогдоод байна.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Орос, Азербайжан, Арменийн оролцоотой үүсээд буй асуудлыг энхийн замаар зохицуулах дээд хэмжээний уулзалт болно гэдгийг баталжээ.