УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Яам нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. БНСУ яагаад гадаадаас ажиллах хүч авдаг вэ. Экспортод гаргах бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж. Бид үүнийг ерөөсөө хардаггүй. Манай улс ажиллах хүчний хомсдолд гүн орсон. Зөвхөн халамжаас болсон гэж бодохгүй байна. Төр хэтэрхий данхайсан, Төрийн бодлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдсэн зэрэг нөлөөлж байгаа. Гадаад ажилтныг орлох Монгол ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж ойлгож байгаа" гэж асуув.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Гадаадаас ажиллах хүч авах нь тийм муу асуудал биш. 2012 он эдийн засгийн өсөлтийн оргил үед 30 мянган ажилтан манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан бол одоо 6,045 гадаад ажилтан байна. Ирэх оны хувьд төсвийг бүтээн байгуулалтын жил байна гээд батлуулсан. 500 орчим хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээ батлагдсан. Ажиллах хүч мэдээж шаардлагатай. Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй. Гэхдээ дотоодоос авах боломжийг нээлттэй байлгана” гэлээ.