Армени болон Азербайжаны өмнөд хил дээр мөргөлдөөн гарчээ
Энэ сарын 14-ний ням гаригт Арменийн Батлан хамгаалах яам хилийн боомт дээр ширүүн буудалцаан болсныг мэдэгдэв. Мөргөлдөөн гарах болсон шалтгаан нь Азербайжаны Зэвсэгт хүчин тус бүс нутагт довтлох гэсэнтэй холбоотой гэжээ.
Азербайжаны тал Келбажар, Лачин мужийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү Арменчууд халдаж, үүний улмаас хоёр цэргийн албан хаагч шархадсан тухай мэдээлсэн байна. Өмнөх өдөр нь Армены нутаг дэвсгэрт нэвтэрсэн Азербайжаны цэргийнхэн хуучин байрлалдаа буцаж очсон гэж Арменийн Аюулгүйн зөвлөл мэдэгдэв. Үүний зэрэгцээ Азербайжаны тал манай цэргүүд Армены хил даваагүй, өөрсдийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 16-ны мягмар гарагт хилийн боомт дахь байдал дахин хурцадсан байна. Арменийн талын мэдээлснээр, Азербайжаны Зэвсэгт хүчин их буу, хуягт машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж байна гэжээ.
Уулын Карабах дахь Оросын энхийг сахиулагчдын нисэх онгоцны буудал байрладаг Сисиан хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Сөргөлдөгч хоёр талын аль алинаас нас барсан, шархадсан хүмүүс байгаа бөгөөд Арменийн 12 цэргийн албан хаагч олзлогджээ. Армянчууд мөн Азербайжаны хэд хэдэн хуягт тээврийн хэрэгслийг устгасан тухай мэдэгдэв.
Гюмри дахь Оросын цэргийн бааз бэлэн байдалд шилжив
Бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Зэвсэгт хүчний 102 дугаар баазыг байлдааны бэлэн байдалд шилжүүлжээ. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байна.
Гэсэн хэдий ч Армений Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян тус улс газар нутгаа хамгаалахын тулд Оросоос цэргийн дэмжлэг хүссэн гэдгээ мэдэгдэв. 1997 онд хоёр улсын тухайн үеийн ерөнхийлөгч Борис Ельцин, Левон Тер-Петросян нарын гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээг тэр дурджээ.
Орос Улс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хоёр орны харилцаа муудаж болзошгүйг анхааруулав
Арменийн парламентын Батлан хамгаалах, аюулгүй байдлын комиссын дарга Андраник Кочарян “Хэрэв Орос улс Арменийн зүүн хэсэгт Азербайжаны Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлэхгүй бол Ереван, Москва хоёрын итгэлцлийн харилцаа нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж магадгүй” гэж мэдэгдэв.
Армени бол Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-ын гишүүн бөгөөд Орос улс Уулын Карабах дахь 44 хоногийн дайны дараа гал зогсоох хэлэлцээрийн баталгаа болж байна. “Азербайжан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөнд Орос хариу өгөх ёстой. ХАБГБ-ын дүрмийн бүх заалт бас зөрчигдсөн" гэж Кочарян парламентад хэлсэн үгэндээ дурджээ.
Армени, Азербайжан хоёр орон Энхийн гэрээ байгуулаагүй
2020 оны 9-р сарын 27-нд Азербайжан болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын хооронд байлдаан эхэлсэн. Дараа нь Армен, Азербайжаны хил дээр хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн гарч байв. Арваннэгдүгээр сард Азербайжан, Армен, Орос улс гал зогсоох тухай хамтарсан мэдэгдэл баталсан. Энэ дайны үр дүнд Азербайжан улс 1990-ээд онд алдсан газар нутгийнхаа тодорхой хэсгийг эргүүлэн авчээ.
Дайн дууссанаас хойш нэг жил өнгөрсөн ч талууд одоо хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байна. Хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн байнга гарч, үүний улмаас энгийн иргэд, цэргүүд амиа алддаг. Орос улс Азербайжан-Арменийн энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулахаа амалсаар ирсэн юм.
Эх сурвалж: Lenta.ru