Өчигдөр /2021.11.17/ Засгийн газар аймаг, нийслэлийн Засаг дарга нараа байлцуулан өргөтгөсөн хуралдаан хийлээ. Мэдээж хэрэг энэ үеэр яригдсан нэг сэдэв нь сахилга хариуцлага. Хуралдаан дээр Ерөнхий сайд үг хэлэх үеэрээ “Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй бол сайд нарыг ч өөрчилж дараачийнхаар нь солино” гэсэн үгийг танхмынхандаа хаяглав.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Та бүхэн ИНЕГ, Эрдэнэс Монгол, МИАТ зэрэг газруудтай холбоотой асуудлыг сонссон байх. Өнгөрсөн хугацаанд авилгал, албан тушаалын хэрэгт холбоотой 87 төрийн албан хаагчдын асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Та бүхэн миний онцлогийг мэднэ. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай чаргууцалддаг хүн, үг хэлээд мартчихгүй гэж ойлгоорой. Эхний өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг харж байна. Үүнийг биелүүлж чадахгүй бол ЗГ-ын сайд нарыг ч өөрчлөх болно" гэсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ үг хоёр сарын өмнө хэлж байснаасаа бараг 180 градус эргэчихжээ гэж харагдахаар байгаа юм.
Өнгөрөгч 9 дүгээр сарын дундуур тэрбээр “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээн танхмынхандаа хэлж байв.
Үг бол бодол санааны илэрхийлэл. Хэрэв ингэж харвал Ерөнхий сайдын танхмаа хамгаалж, сайд нараа өмөөрч нөмөрлөж ирсэн тэр чиг хандлагад ан цав үүсэв үү гэж хармаар байгаа юм.
УИХ-ын гишүүдийн дунд Засгаар оролдох хүсэлтэй хүн олон бий. Нэг хэсэг нь бүр горилж яваа. Зарим нэгийг нь халаа сэлгээ хийх бодлыг дийлэнх гишүүд тээж яваа.
Энэ Засгийн газрын танхмаас сугалах сайд нарын нэрийг олон нийт бараг гадарлаж байгаа. Үндсэндээ 4-5 сайдын нэр л давтагддаг.
Сайд нартаа сануулга өгсөний цаана
Ерөнхий сайдын танхмынхаа сайд нарт хаягласан анхны хатуухан сануулга нь энэ удаагийнх байв. Гэхдээ энэ ямар нэг хөдөлгөөний урьдач сануулга байх магадлал тун өндөр. МАН Засгаа өөрчлөхгүйгээр 2024 оны сонгуультай золгоно гэвэл ёстой үлгэр. Их бага ямар нэг хэмжээгээр хөдөлж л таарна.
Бас өөр нэг бодитой гэмээр шалтгаан нь МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиролцоогоор нэгдсэн явдал. Н.Энхбаярын хүсэл хүүгээ УИХ-д оруулснаар ханана гэвэл худлаа. ҮАБЗ-ийн Стратеги судлалын хүрээлэнгийн захирлын албан тушаалыг чамлаад одоо хүртэл очоогүй. МАН-тай тохиролцсон ёсоор одоо 3-4 сайдын суудлыг авч байж түүний шунал хүсэл сая хангагдана. Бүр авах яамынхаа нэр усыг хүртэл нэрлэчихсэн яваа шүү дээ. Харин Н.Энхбаяр өөрөө бол Шадар сайдын суудлыг л аль эртээс хараалчихсан байгаа. Засгийн газарт сэлгээ солио хийх нэг шалтгаан нь энэ.
МАН өмнөх сонгуулийн бүрэн эрхийн хугацаандаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж давхар дээлтэй сайд нарын тоог 4-өөс хэтрүүлэхгүй байхаар өөрчилсөн. Гэвч энэ нь зөвтгөх аргагүй алдаа болсныг яс махаараа мэдэрч байх шиг байна. Давхар дээлгүй сайд нарын зангараг дутаж байгааг гишүүд бол ам уралдан хэлдэг. Энэ ч бас нэг юм хэлээд байгаа хэрэг.
МАН энэ алдаагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхээр хөшигний цаана ярьж байгаа. Ингэж байж Засгийн газраа илүү тогтвортой, УИХ-тай ойр холбоотой байлгана гэж тооцоолжээ.
Ерөнхий логик, ирэх өдрүүдийн улс төрийн замын зураглал иймэрхүү янзаар өрнөж мэднэ. Ерөнхий сайдын танхмынхандаа хэлсэн сануулга ч үүний дохио.
Г.Тулга